sonin.mn
 
Хан-Уул дүүргийн хэлтэс, албад, хороодууд өнгөрсөн жилийн ажлаа иргэд олон нийтэд тайлагнаж, ирэх жилийнхээ зорилго, зорилт, зохион байгуулах томоохон ажлуудаа цувралаар танилцуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй ярилцлаа.
 
Өнгөрсөн онд танай хэлтэс хэчнээн хүнийг ажилд зуучилсан бэ. Өмнөх оныхоо зорилго зорилтоо хэдэн хувь биелүүлэв?
 
Манай хэлтэс өнгөрсөн оныхоо ажлаар дүүрэгтээ болон Яамандаа үр дүнгийнхээ гэрээг “Бүрэн хангалттай” гэж үнэлүүлсэн. Өнгөрсөн жил байгуулсан гэрээгээр 3700 ажлын байр шинээр бүртгэн, 3000 хүнийг ажилд зуучилан оруулах ёстой байсан. Бид бүхэн үүний дагуу 2015 онд 3772 ажлын байр шинээр бүртгэж, 3304 хүнийг ажилд зуучилан оруулсан байна.  Тухайн хүнийг ажилд авсан газраас нь ажилд томилогдсон тушаалыг нь авч ажлын биелэлтээ баталгаажуулдаг.
 
Манайх дүүргийнхээ 16 хорооноос 19 төрлийн судалгаа авдаг. Энэ судалгаагаа оны эцэст шинэчилж гаргадаг. Оны эцсийн байдлаар бүртгүүлсэн ажилгүй иргэд буюу манайд анкет бөглөсөн 3000 хүн байна. Үүнээс идэвхтэй ажил хайж байгаа 1350 хүн байна. Идэвхтэй гэдэг нь сард нэг удаа юм уу, улиралд нэг удаа ажил хайж байгаа хэвээрээ гэдгээ бидэнд мэдэгдэж бүртгүүлэхийг хэлдэг. Эдгээр 1350 хүн бол зөвхөн манайд бүртгэлтэй ажилгүй хүний тоо гэдгийг хэлмээр байна.
 
Танайх бүртгэгдсэн ажилгүй иргэдийг ажилд зуучилж оруулахаас гадна өөр ямар нэг дэмжлэг тусламж үзүүдэг үү?
 
Зарим иргэдээ хөтөлбөрт хамруулж санхүүжилт олгоод, тухайн хүн өөрөө өөртөө ажлын байр бий болгоход тусалдаг. Тухайлбал, ажил эрхлэхгүй байгаа эмэгтэйг манай хөтөлбөрт хамруулаад оёдлын машиныг нь аваад өгчихөөр гэртээ хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаа юм. Энэ мэт тоног төхөөрөмж авахад нь манайх 3 хэлбэрээр тусалдаг. Жишээ нь зээлд хамруулдаг. Өнгөрсөн оны 10 дугаар сараас манайх Капитал банктай гэрээ байгуулан сарын 0.6 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай жижиг зээл олгож байна. Иргэнд 2 сая, Нөхөрлөл хоршоонд 10 сая хүртэлх төгрөгийн зээл өгөх боломжтой. Эд хөрөнгө
барьцаалдаггүй гэдгээрээ онцлогтой. Энэ зээлийн гол зорилго нь ажлын байр бий болгох. Мөн манайх цагийн хөлс нь 3000 төгрөгөөр түр ажлын байр буюу нийтийг хамарсан ажлын байр бий болгодог. Өнгөрсөн онд дүүрэг, хорооны ажилгүй, НДШ төлдөггүй 1085/давхардаагүй тоогоор/иргэдийг түр ажлын байртай болгож, 200-аад сая төгрөг зарцуулсан.
 
ААН, байгууллагаас ирсэн ажлын байрны захиалгыг иргэд, олон нийтэд хэрхэн хүргэдэг вэ?
 
Ажлын байрны захиалга өгсөн ААН-тэй бид байнгын холбоотой ажилладаг. Хороо болгоны Цахим биржээр өглөө бүр ажил олгогчдын өгсөн захиалгыг идэвхжүүлж явдаг. 2015 онд 737 ААН ажлын байрны 3700 гаруй захиалгыг иргэдэд хүргэсэн байна. Мөн хэлтсийнхээ вэбсайтад ажлын байрны мэдээллээ тогтмол оруулдаг.
Танай хэлтсээс сургалтууд зохион байгуулдаг гэж сонссон?
 
Шинэ ажлын байр бүртгэхээс гадна бид мэргэжил олгох болон давтан сургалтанд хамруулдаг. Өнгөрсөн оны байдлаар манайд  мэргэжлээ өөрчлөх, давтан мэргэжил эзэмших, зэргээ ахиулах байдлаар 236 хүн сургалтанд хамрагдсан.
 
Ахлах, дунд сургуулийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулдаг. Мөн бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл өгдөг. Өнгөрсөн жил энэ ажлыг дүүргийнхээ бүх ЕБС-иудад “Мэргэжилээ яаж сонгох уу”, “Эрэлттэй болон илүүдэлтэй мэргэжил”, “Мэргэжил сургалтын төв, коллежид суралцаж эрт ажлын байртай болох” зэрэг сэдвийн хүрээнд сургалтаа явуулсан.
 
Манай улсад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олдоно гэдэг хүндхэн асуудал байдаг шүү дээ. Эдгээр хүмүүст зориулсан тусгай хөтөлбөр гэж байдаг уу?
 
2016 оны хувьд энэ сургалт, үйлчилгээ маань хөтөлбөр болж хэрэгжинэ. Төсөл хөтөлбөрийнхөө хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэх, хоршоо, нөхөрлөл байгуулж байгаа иргэнийг дэмжиж ажиллана. Мөн тухайн ААН, байгууллага 25-аас дээш ажилтантай бол нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуультай байдаг учраас энэ хуулийн биелэлтийг хангаж МХХ-тэй хамтран үзлэг, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Хуулийг биелүүлээгүй газруудад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин ихэсгэсэнтэй тэнцэх төлбөр ногдуулдаг. Энэ мөнгөөр нь бид эргээд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
 
Танайх өөрөө өөртөө ажлын байр бий болгосон иргэдтэйгээ хэр уялдаа холбоотой ажилладаг вэ?
 
Хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэд манайхаас санхүүгийн дэмжлэг аваад өөрөө өөртөө ажлын байр бий болгосон иргэдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах борлуулалтын системийг бий болгосон. Буянт-Ухаагийн зах дээр манайхаас төлбөрийг нь төлөөд хоёр лангуу гаргаж өгсөн. Тухайн иргэд өөрсдөө худалдагчаа гаргаад борлуулалтынхаа мөнгийг 100 хувь өөрөө авдаг байгаа. Цагаан сарын өмнөхөн өнгөрсөн оныхоо хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээгдэхүүнийг Мишээл Экспо, Дүнжингаравтай хамтран 2 лангуу гаргаж өгөөд борлуултанд нь анхаарч ажиллаж байна. Мөн хувийн болон ААН-ын зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцуулахаас гадна бүтээгдэхүүний чанарын асуудал дээр анхаарч ажиллаж байна.
 
2015 онд гаргасан амжилт, баярт сайхан мэдээ, онцлох ажлаасаа хуваалцаач?
 
Хөдөлмөрийн аюулгүй ажлын байр бий болгож байгаа ААН, байгууллагуудыг Хөдөлмөрийн яам урамшуулдаг. Энэ жил манайх гурван ААН-ын материал явуулснаас нэг, хоёрдугаар байранд манай дүүргийн хоёр ААН байгууллага орсон.
 
Мөн 25-аас дээш ажилтантай ААН орон тооны Хөдөлмөрийн аюулгүй байдал эрхэлсэн ажилтантай байх ёстой, үүнээс доош байх юм бол салбар зөвлөлийн орон тооны бус ажилтан заавал байх ёстой. Хороон дээр болон 3000 гаруй байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар зөвлөлийг байгуулж чадсан. Ийм үр дүнтэй ажиллаа.
 
Ирэх онд ямар ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
 
Манайх 2016 оны хөтөлбөрөө баталчихсан. Яам энэ жил харьцангуй эрт баталлаа. Зарим жил 3, 4 сар хүртэл хөтөлбөрөө хүлээх тохиолдол байдаг байсан. Энэ жилийн хувьд 1 сарын 10 гэхэд хөтөлбөр хэрэгжүүлэх удирдамж, дэмжих сангийнхаа хувиараа аваад, сайдтайгаа үр дүнгийнхээ гэрээг байгуулчихсан. 2016 онд манайх 6 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжүүлнэ. Тухайлбал, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Нийтийг хамарсан ажил зохион байгуулах, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг дэмжих зэрэг хөтөлбөрүүд болон ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төсөл гэх мэт орж байна.
 
Мөн энэ онд 3100 шинэ ажлын байр бий болгох, 3000 хүнийг ажлын байранд зуучилж ажлын байртай болгох, 1780 хүнд ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.
 
Танд ажлын өндөр амжилт хүсьеБаярлалаа.