sonin.mn

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Манай улсаас олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, цаашид Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтыг байгуулах боломжтой гэж тусгасан байна. Эдгээр байршлууд нь Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, улмаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөхөд ихээхэн ач холбогдолтой юм.

Иймээс Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улс оролцогч тал болон нэгдэж, төмөр зам болон авто замын дамжин өнгөрөх тээврийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн санаачилгыг дэмжих нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд уг хэлэлцээрийг соёрхон баталснаар манай улс ямар үүрэг хүлээх, дарамт шахалтад орох эрсдэл үүсэх эсэхийг тодруулахад Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэлцээрийг соёрхон баталснаар манай улс ямар нэг хатуу үүрэг хүлээхгүй, уг хэлэлцээр нь худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, богино хугацаанд транзит тээврийг нэвтрүүлэхэд чиглэж байгаа гэсэн хариулт өгөв. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.