sonin.mn

 

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцөд 2014-2015 онд бүрдүүлсэн 4432 тн өвсийг малчдад буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 2011-2016 онд бүрдүүлсэн 2015 онд хуримтлуулсан 4689 тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Өнгөрөгч 12 дугаар сарын байдлаар 16 аймгийн 50 гаруй суманд цагаан зудтай, 20 аймгийн 120 сум зудархуу байсан. Харин өнөөдрийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 111 цагаанаар зудархуу зэрэгт хүрч, өвөлжилт нийт нутгаар хүндэрчээ. Үүнтэй холбогдуулж Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч ажиллах шийдвэр гаргав.

Шийдвэрийн дагуу дээрх хэмжээний өвс, тэжээлийг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр малчдад олгох бөгөөд үнийн зөрүү хоёр тэрбум гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Мөн өвөлжилт хүндэрсэн сумдын малчид, иргэдэд эмнэлгийн тусламж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдахгүй хүргэх зорилгоор зарим аймагт “УАЗ-22-69” автомашиныг олгох болж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах болов.

Мөн улсын нөөцөөс үнэгүй болон хямдралтай үнээр олгосон өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зөрчил гаргуулахгүйн тулд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах аж.

Зудтай зудархуу нутагт цас нягтарч хатууран, олон хоног хүйтэрсний улмаас Архангай, Дундговь, Завхан, Сүхбаатар, Увс, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 107 суманд 44127 мал хорогджээ. Тиймээс өвөлжилт хаваржилтын хүндрэлтэй энэ цаг үед, мал төллөлтөөс урьтаж малчдад хүнс хувцас, лаа шүдэнз, нэмнээ зэргийг бэлэглэх уламжлалт хүмүүнлэгийн аян өрнүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Улсын онцгой комисс уриалав. 

Н.Гантуяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг