sonin.mn

МЗХ-ноос энэ хоёрдугаар сарыг “Элгээ чөлөөлье” сарын аян болгон зарласан. Энэ сард Эрүүл мэндийн салбарын залуусыг “Өглөөний бүтээлч уулзалт”-д урьж  элэгний өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, сарын аяны хүрээнд хийх ажлын талаар санал солилцлоо.

Манай улсад жилд элэгний хорт хавдрын 1800 тохиолдол шинээр бүртгэгддэг бөгөөд элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшнээр Монгол Улс дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна. Тиймээс уулзалтад оролцсон залуус өвдсөн хойно нь эмчлэх биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байгааг онцолсон юм.

Элэгний өвчлөл үүсгэж буй гол шалтгаан нь буруу хооллолт болон архины хэт их хэрэглээнээс үүдэлтэй байдаг аж. Иймд удахгүй болох Сар шинийн өдрүүдэд өөх тос ихтэй хоол идэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзахыг зөвлөлөө.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг