sonin.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулттай гишүүд байгаагүй тул ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын чанартай саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, “хүүхдийн санаачилсан шинэ бүтээлд болон урлаг, спортын чиглэлээр улс, олон улс, тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнд оролцох болзол хангасан болон амжилт гаргасан хүүхдэд дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журам баталж, хэрэгжүүлэх”, “хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болон хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрт шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж батлуулах” зэрэг саналууд дэмжигдсэн. Мөн хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг бусад хуультай уялдуулах талаарх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.