sonin.mn
Уул уурхайн засаглалын хүрээлэнгийн дарга Б.Түвшинтэй ярилцлаа.
 
Уул уурхайн засаглал хэмээх нэр томъёог тайлбарлах уу. Эндээс яриагаа эхлэе?
 
Өнгөрсөн хорь гаруй жилд түүхий эдийн үнийн супер мөчлөг тохиож 2012 оноос уналтруугаа орлоо. Энэ хэмжээний үнийн мөчлөг өнгөрсөн 200 жилд 6 удаа, сүүлийн 100 жилд 4 удаа тохиосон байдаг. Өнөөдөр манайхтай ижил уул уурхай, газрын тосны орлого дээр эдийн засгаа авч явдаг олон орнууд, ялангуяа хөгжиж буй, ардчиллыг шинээр тогтоон бэхжүүлж буй улс орнууд эдийн засгийн хувьд хүнд цохилтонд орж, хямралын байдалд орсон. Тэд уул уурхай, газрын тосны салбарын хамаарал, үүсч болох үнийн савалгаанаас урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт, өсөлттэй салбарын орлогоо удирдах бодлогогүй явж ирснээс эдийн засгийн хувьд “Голланд өвчинд” нэрвэгдэж, үр дүнд нь нийгэм, улс төрийн хувьд бүхэлдээ хүндэрсэн. Энэ нь “Баялгийн хараал” хэмээх томъёоллыг хүртэл үүсгэлээ. Энэ дотор Ази, Африк, Латин Америкийн олон орныг нэрлэж болно. Харин ардчилал, хуулийн засаглалыг институцийн хувьд харьцангуй эртнээс бэхжүүлж чадсан улсууд үнийн савалгаанд тогтвортойгоос гадна өнгөрсөн үнийн супер мөчлөгийн хугацаанд ихээхэн хуримтлалыг хийлээ. Тухайлбал, Норвегийн жишээ байнга яригддаг. Тиймээс байгалийн баялагтай улс орнуудын хувьд эдийн засгийн цөм нь болсон уул уурхайн салбарын засаглалыг бэхжүүлсэнээр улс орны тогтвортой хөгжлийн суурь хангагдана гэж үзэж, үүнээс уул уурхайн засаглал хэмээх нэр томъёо гарч ирсэн төдийгүй энэ нь бүхэл бүтэн академик нэршил болж байх шиг байна.  Тиймээс олон улсын томоохон байгууллагууд, эрдэмтэд энэ цаг үед хөгжиж буй, байгалийн баялагтай орнуудад чиглэсэн “Баялгийн хараал”-ыг хариулах бодлогын судалгаа, арга зүй боловсруулж, уул уурхайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаануудаа эрчимжүүлж байна. 
 
Олон улсын ямар байгууллага, эрдэмтэд энэ чиглэлээр идэвхитэй байна вэ?
 
Уул уурхай, газрын тосны салбарын тайлагнал, ил тод байдлын хүрээнд олон улсын “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага” хэмээх байгууллага 2003 онд байгуулагдаж, идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс уг санаачлагад 2006 оноос нэгдэн орсон. Харин засаглалын хувьд олон улсын “Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн” хэмээх байгууллага маш идэвхитэй, тухайлан энэ чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, уг хүрээлэн Оксфорд, Колумбын их сургууль, Төв Европын их сургууль зэрэг дэлхийд нэр хүндтэй томоохон сургуулиудтай хамтран байгалийн нөөц, уул уурхайн засаглалын чиглэлээр хөгжиж буй улс орнуудын улс төрч, судлаач, эрдэмтдэд зориулсан чадавхийг нэмэгдүүлэх сургалтууд зохион явуулдаг. Миний бие өнгөрсөн жил Оксфордын их сургуульд сургалтанд нь суусан. Энэ жил бас зарим сургалтуудад үргэлжлүүлэн хамрагдах төлөвлөгөөтэй байгаа. 
 
Эрдэмтдийн хувьд “Адагт үлдсэн тэрбум” хэмээх номоороо дэлхийд алдаршсан Оксфордын их сургуулийн профессор Пол Коллиер болон Жеффри Сакс, Жосеф Стиглиц, Пол Кругман, Томас Пикетти зэрэг уул уурхайн засаглал, байгалийн нөөцийн эдийн засаг болон нийгмийн тэгш байдлын асуудлаар хөндөж ярьдаг дэлхийн том эдийн засагчид бий.  
 
Уул уурхайн засаглал нь үндсэн ямар асуудтуудад хариулт өгөх ёстой вэ?
 
Нэгдүгээрт, түүхий эдийн үнэ тогтворгүй. Тиймээс баялгаас олсон орлогоо үнийн өсөлттэй үед хуримтлуулах, мөнгөө өсгөх салбарт хөрөнгө оруулалт хийх, үнийн уналт, хямралын үед хуримтлалаас хэрэглэх замаар төсвийн тогтвортой байдлыг хангах механизмтай байх. Хоёрдугаарт, байгалийн нөөц баялаг гэдэг өөрөө шавхагдах нөөц. Тиймээс эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх тогтвортой хөгжлийн бодлого, түүнд чиглэсэн зохицуулалттай байх ёстой. Гуравдугаарт буюу хамгийн чухал нь байгалийн баялаг ба түүний үр өгөөж нь шууд болон шууд бус утгаар иргэн бүрт төдийгүй дараа үеийнхэндээ хүртээлтэй байх ёстой гэж үздэг. Эцэст нь эдгээрийг хангах сайн хууль эрх зүйн орчин, сайн шийдвэр гаргах чадавхитай институциуд, мэдээлэл бүхий иргэд чухал. Үүнийг уул уурхайн засаглалын гурвалжин гэдэг. Энэ гурвалжинг хэр бат бэх босгож авахаас уул уурхайн засаглалыг бэхжүүлэх, цаашлаад уул уурхайн орлогоос иргэддээ “наалдсан”, тогтвортой хөгжлийг бий болгох асуудал шалтгаалах юм. Тухайлбал, иргэд олон нийтийг зөв мэдээллээр хангах ажил байнга хийгдэж байх ёстой. Үгүй бол Оюутолгойг дагасан маргаан шиг ирээдүйн олон төслүүдэд нийгмээ талцуулсан маргаан, зөрчил дуусахгүй. 
 
Товчдоо уул уурхайн засаглал бол газар доорхи баялгаа нээн илрүүлэх, лиценз олгох, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийхээс эхлээд орлогоо удирдах, хуримтлал хийх, гол нь тогтвортой хөгжлийн замд гарах хүртэл цогц ойлголт юм билээ. 
 
Монгол улсад уул уурхайн засаглалын хувьд сайжруулах ёстой ямар асуудлууд байна вэ?
 
Өнөөдөр бид уул уурхайгүйгээр нийгэм, эдийн засагт тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй байна. Монгол улсын ДНБ-ий 20%, татварын орлогын 70%, гадаадын хөрөнгө оруулалтын 85%, экспортын 90%-ийг уул уурхайн салбар эзлэж байна. Харин уул уурхайн салбарын бодлого, зохицуулалтуудаа сайн хийхгүйгээр уул уурхайгаас боломжит өгөөжөө хүртэж чадахгүй төдийгүй, цаашлаад эдийн засгаа хөгжүүлж чадахгүй. 
Байгалийн нөөцийн засаглалын хүрээлэнгээс олон улсын томоохон эрдэмтдийн багийн оролцоотойгоор “Natural Resource Charter” хэмээх зөвлөмж материал боловсруулсан байдаг. Уг зөвлөмж нь дотроо 12 асуудлаас бүрддэг. Энэ зөвлөмжийн хүрээнд гэхэд л Монгол улсад хийж хэрэгжүүлж болох олон ажил бий. Тухайлбал татвар, нягтлан бодох бүртгэлийн асуудал. Оюутолгой төслийн татварын маргаан гэхэд л цаашид энэ чиглэлээр хийгдэх ажил их байгааг харуулдаг. Хэрвээ цаашид татвар тооцох аргачлалын зөрүү өндөр байвал дараа дараагийн олон төслүүдэд орж ирэх хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэх, хөрөнгө оруулалт буурах шалтгаан ч болж болно. 
 
Өнгөрсөн үнийн өсөлттэй үед хийж чадаагүй ч одооноос хийх шаардлагатай нэгэн ажил бол орлогоос хуримтлал хийх механизм буюу “Баялгийн сан”-ийн тухай асуудал. Хувь хүн нэг сайхан өдөр мөнгөтэй болохоороо хуримтлалтай болно доо гэх биш ерөөсөө л хуримтлал хийх дадалтай байх ёстой гэдэг шиг улс орон ч тэр хуримтлал хийдэг зохицуулалттай байх хэрэгтэй. Тиймээс баялгийн сан байгуулах хуулийн төсөл боловсруулагдсан байдаг. Одоо тэр ажил цаашаа ажил хэрэг болоод явах шаардагатай. 
 
Бас нэг чухал асуудал бол төрийн өмчит компаниудын засаглалын асуудал.  Институцийн хувьд засаглал нь бэхжээгүй хөгжиж буй улсуудын хувьд төрийн өмчит компаниуд ашиг олдог арилжааны байгууллага гэхээсээ улс төрийн “хэрэгсэл” болдог тухай судалгаануудад дурдсан байдаг. Уул уурхай, газрын тосны орлого дээр эдийн засгаа авч явдаг бараг бүх орон тухайн салбартаа томоохон үндэсний төрийн өмчит компанитай. Норвегийн Статойл, Бразилийн Петробрас, ОХУ-ын Роснефть, Колумбын Экопетрол, Чилийн Коделко, Ботсванын Дебсвана, Казахстаны Казмунайгаз, манай Эрдэнэс МГЛ гэх мэт. Засаглалын хувьд төрийн өмчит компаниудыг сайн удирдаж чадвал зөвхөн татвараас гадна, үйл ажиллагааны орлого олох, эндээс баялгийн сандаа хуримтлал үүсгэх боломж нь бүрддэг. Үгүй бол эсрэгээрээ “баялаг сүйтгэгч” болдог. Үндэсний компани “баялаг сүйтгэгч” болох үед түүнийг хямдаар хувьчлах асуудал яригддаг, хэрэв засаглалын хувьд сайжруулж чадвал үндэсний эдийн засагт үлэмж нөлөө үзүүлж болдог олон жишээ байна. Ялангуяа, хүн ам багатай оронд. Тухайлбал, Норвеги Английн харьцуулсан жишээ бий. 1960-аад оноос 2 орон Хойд тэнгис дэх газрын тосны олборлолтоо зэрэг эхлүүлж 50-аад жил үйл ажиллагаа явуулахад нийт үйлдвэрлэлийн хэмжээ адилхан байхад түүнээс олсон орлогын хэмжээний хувьд Норвеги 3 дахин өндөр байсан. Үр дүнд нь Норвеги 5 сая хүн амтай улс 1 их наяд доллар давсан хуримтлалтай болсон. Норвегийн төрийн өмчит Статойл компанийн төлөөлөн удирдах зөвлөл улс төрөөс ангид, бие даасан, цэвэр бизнесийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг ажилладаг. Тус компанид үзүүлэх төрийн нөлөөлөл зөвхөн хуулийн зохицуулалттай. Тухайлбал татвар, орлогоос баялгийн санд хуримтлал үүсгэх, түүний хувь хэмжээг тогтоох гэх мэт. 
 
Мөн хөрөнгө оруулагчидтай хэлцэл хийх болон лиценз олголтын асуудал, байгаль орчны асуудал гэх зэрэг Монгол улсад уул уурхайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай олон асуудал бий.
 
 
 
 
Монголын уул уурхайн засаглалын хүрээлэнгийн цаашдын төлөвлөгөө юу вэ?
 
Цөөн хүн амтай, харьцангуй арвин байгалийн нөөц баялагтай улсын хувьд байгалийн баялгаас иргэн бүртээ өгөөжтэй, тогтвортой хөгжлийг бий болгох нь Монгол төрийн үүрэг юм. Харин хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллагуудын оролцоо, дуу хоолой зайлшгүй.
 
Тиймээс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улсын хувьд Монгол улсынхаа уул уурхайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын мэргэжлийн байгууллага, эрдэмтийн боловсруулсан судалгаа, арга зүй, зөвлөмж дээр тулгуурлан тодорхой үйл ажиллагаа явуулах шаардлагатай юм байна гэж үзэж эрдэмтэй, туршлагатай хүмүүсийн оролцоо, дэмжлэгтэйгээр “Монголын уул уурхайн засаглалын хүрээлэн” гэж байгууллага байгуулж байна. Цаашид манай хүрээлэн уул уурхайн засаглалын хүрээнд дээр дурдсан чиглэлүүдэд тухай бүр дагнасан сургалт, судалгаа явуулах, хурал хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмж боловсруулж, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагаанууд явуулах төлөвлөгөөтэй байна. 
 
Эцэст нь Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?
 
Эдийн засгийн хямралтай байдлыг яг өнөөдрийн шалтгаанаар харвал олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн уналт, гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан байдал, гадаад валютын нөөц шавхагдсан зэрэг асуудлуудыг ярина. Харин энэ байдалд хүргэсэн үндсэн шалтгаан нь бид өнгөрсөн хугацаанд институцийн хувьд сайн засаглалыг “урлаж” чадаагүйд буюу өнгөрсөн 20 гаруй жилийн халамж, бэлэн мөнгө тараах зэрэг “санал авах” бодлогоор уралдсан улс төрийн өрсөлдөөний ужгирсан үр дүн гэж боддог. Гэвч бид өнөөдөр буруутанг хайж, өнгөрсөндөө амьдрахаас илүү одоо эерэг өөрчлөлтийн төлөө урагшаа харж ажиллах хэрэгтэй.    
 
Өнөөдөр бид нийгмээ нэг тольдоод харвал хэт баян цөөнхитэй, ядуурал, ажилгүйдэл өндөр хэвээр байгааг хүн бүр ярьж байна. Нийгэмд популизм амьдрах өргөн суурьтай, нөгөө талаар хөрөнгөтэй цөөнхид “үйлчилдэг” төртэй болж тэгш бус байдлын асуудал ужгирвал ахиад 20 жилийн дараа болон түүнээс цааш Монголын ирээдүй ямар байх вэ? Өнгөрсөн 200 жилд олж авсан тусгаар тогтнолд ч аюул нүүрлэж болзошгүй юм.  
 
Дэлхийн хаана ч эдийн засаг унадаг, өсдөг өөрийн циклтэй. Тиймээс мөнгөгүй үе ч байна, мөнгөтэй хангалуун үе ч байх. Хамгийн гол нь аль ч үед хөөрч баярхахгүй, хүндээр газардахгүйгээр нийгэм, эдийн засгаа тогтвортой авч явах  улс төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтийг бий болгох, сайн засаглалыг бэхжүүлэх нь хамгийн чухал байна. 
Ойрын зовлон хүнд ч холын ирээдүй илүү чухал. 
 
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!
 
Баярлалаа. Та бүхэнд болон нийт Монголчууддаа удахгүй гарах Бичин жилдээ аз хийморь, амжилтаар дүүрэн байхыг хүсье! 
 
 
Ярилцсан Э.Сүрэн