sonin.mn
МАХН-ын нарийн бичгийн дарга асан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
-Та төрийн албанд томилогдохоосоо өмнө МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Г.Шийлэгдамба олны өмнө гарч ярихдаа таны нэрийг нэг, хоёр удаа дурдсан. Та намд ажил­лаж байхдаа асуудалд холбогдсон уу?
 
-Яг юу гэж хэлсэн тухай үзээгүй ч дам сонслоо. Намайг намд ажиллаж байх үетэй холбож юм ярьсан гэсэн болохоор тэр үеийн нөхцөл байдлын талаар тайлбарлаж болох юм.
 
-Таныг албан бичигт хүчээр гарын үсэг зуруулж, албан тушаалаас чөлөөлүүлсэн гэсэн шүү дээ?
 
-Сайдын албан ту­шаа­лаас түдгэлзэх гэл үү. Энэ асуудлыг Засгийн газрын төвшинд ярьж шийддэг. Би энэ тухай мэдэхгүй, огт холбоогүй.
 
Тухайн үед Г.Шийлэгдамба ажлаа өгөөд үнэн мөнийг шударгаар тогтоолгоод буцаж ажилдаа нүүр бардам очих тухайгаа хэлсэн нь иргэний зориг гаргасан, ёс зүйтэй залуу юм даа гэж бодож байлаа. Нээрээ ч хилс хэрэгт холбогдсон олон хүнээс ийм иргэний зориг гарахгүй байна шүү дээ.
 
Харин ч Г.Шийлэгдамба зориг зүрхтэй алхам хийлээ гэж үнэлсэн. Тэгтэл өнөөдөр өөрөөр ярьж байгаад би итгэхгүй байна. Залуу хүн юунд орчихов, ямар дарамт шахалтад өртчихөв, юу ярьчихав гэдэгт би итгэж чадахгүй байна. Түүнийг хэрэгт холбогдсоноос хойш намын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга нар, гишүүд нэг санаа бодлоор асуудалд хандсан. Нэг л зүйлд орчихлоо. Ийм зүйл хийх хүн биш, бид Шийлэгтээ итгэж байсан, өнөөдөр ч итгэсээр байна.
 
-Намын дарга нь Монголдоо ирээд намын эв нэгдлийг хагалан бутар­гасан гэж ярьсан. Энэ тухайд юу хэлэх вэ?
 
-Намын дарга эх орондоо ирж таван бүсийн зөвлөгөөнөө хийж, намын үйл ажиллагаа нэлээд өрнөсөн. Үүнийг дагаад бидний ажил ч идэвхжиж, намын ажил эрс сайжирсан. Даргыг Солонгост байх үед бид сул ажиллаж байсан гэж өөрсдөдөө дүгнэлт өгч л байсан. Харин Г.Шийлэгдамба яагаад ийм зүйл ярьчихав даа гэж итгэж ядан сууна. Яагаад гэвэл энэ нь үнэнээс хэт зөрөөд байна. Тэрээр тусгай хөтөлбөрөөр ажиллаж байгаа робот шиг л ярьж байна. Дандаа ор үндэсгүй зүйл ярьсан нь бидний гайхшралыг төрүүлсэн. Яагаад ийм байдалд орчихов гэдгийг ойлгохыг хичээж байна.
 
-Яагаад худал ярьсан юм бол гэдэгт ямар дүгнэлт хийв. Та хуульч хүн шүү дээ?
 
-Хууль хүчнийхний дарамт шахалтад оров уу, өөр шалтгаан байв уу. Намын удирдлага болон гишүүдийн зүгээс ямар нэгэн зүйл байхгүй гэдгийг би ахмад гишүүний хувьд удирдлагын бүтцэд нь ажиллаж байсны хувьд ам бардам хэлнэ.
 
-Түүний ярьж байгаагаар хуулийнхан дарамтлаагүй, харин намынх нь хүмүүс дарамталсан юм биш үү?
 
-Түүнийг ёс зүйтэй, жудагтай, хүн чанартай гэдэгт итгэдэг. Хүнд ёс зүй, жудаг байх ёстой. Хэдийгээр хүн алдрын оргилд хүрсэн ч, адгийн гудамжинд явсан ч хүн чанараа алдаж болохгүй юм. Тэрээр юу хэлчихэв гэдэгтээ хэзээ нэгэн цагт дотроо дүгнэлт хийх байлгүй дээ. Намын журмын нөхдөдөө ингэж хэлнэ гэдэг алдас. Журмын нөхөд, жирийн гишүүд бүгд түүний төлөө сэтгэл зовниж байна шүү дээ. Тэр залуу хүн.
 
Түүнийг өрөвдөж, ямар байдалд орчихов гэж бодож байна. Анхнаасаа эргэлзээтэй байсан, одоо яагаад ийм зүйл ярьж байгаа нь ч эргэлзээтэй. Хэдэн оймс илүү элээсний хувьд би энэ үйл явдал залуучуудад том сургамж боллоо гэж хэлье. Ёс зүй, жудаг, хүн чанар гэдэг юмыг хэнбугай ч хэзээ ч мартаж болохгүй. Бие биедээ  журмын нөхөр болсон бол түүндээ үнэнч л явах ёстой. Цаг зуурын салхинд хуйларч, журмын нөхөр, намынхаа эсрэг, хамгийн их хайрлаж, түшиж явсан нөхдийнхөө эсрэг ярина гэдэг айхтар хариуцлагын асуудал юм даа. Ёс зүй нь өөрт нь хэлэх байлгүй дээ.
 
-Та Г.Шийлэгдамбатай хэзээ, хаана уулзсан бэ. Гарын үсэг хүчээр зуруулаагүй бол юун тухай ярилцсан бэ?
 
-Би эмнэлэгт байхад нь эргэж очсон. Бид хоё­рын яриа намын жин­хэнэ журмын нөхдийн хувьд өрнөсөн. Шахаж шаард­сан зүйл огт болоо­гүй. Эмнэлгийн хонгилд уулзсан. Аав Ганхуягтай нь ч уулзаж, биеийн байдлын  талаар ярилцаад өрөөнд нь орсон. Хүний эрхшээлд байгаа хүн сонор сэрэмжтэй байгаарай, асуудал нэг тийшээ шийдэгдэнэ, асуудлыг шударгаар шийдүүлээд ажилдаа нүүр бардам очих болно гэдгийг хэлсэн. Мөн ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг нь тасалдуулахгүй үргэлжлүүлж буйгаа ч хэлсэн. Намын хамт олон Г.Шийлэгдамбын талд байсан, одоо ч байсаар байна.
 
-Та нэг хэсэг МАХН-ын генсекийн үүргийг түр орлож ажилласан. Г.Шийлэгдамбыг ерөнхий нарийн бичгийн даргаас албан ёсоор чөлөөлсөн үү. Энэ албан тушаалаас түдгэлзэх тухай бичигт бас хүчээр гарын үсэг зуруулсан гэж ярьсан шүү дээ?
 
-Ийм хүнд үед түүний ажлыг авч болохгүй. Сэтгэл санааны хувьд ч эмзэг. Тэр хүн ажилдаа эргэж орно. Гол нь эзгүй үед ажлыг нь унагахгүйн тулд би түр орлож ажилласан юм.
 
-Танай намаас өмгөө­лөгч авч өгсөн, гэр бүлээс нь 60 сая төгрөг авч өгсөн гэсэн үү?
 
-Баривчилсны дараа өмгөөлөгчгүй байцаалт авсан, энэ нь хүний эрх зөрчсөн талаар тухайн үед шуугиан болсон. Бид өмгөөлөгч олох гэж тал бүрээсээ хичээж ажил­ласан. Өмгөөлөгчийг хүчээр ажиллуулна гэж юу байх билээ.
 
-Намдаа хандив өгөхөөр мөнгө авсан, түүнээсээ намын даргадаа өгсөн гэсэн. Та энэ тухай юу мэдэх вэ?
 
-Бүх намд мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Намынхаа төлөө бүгд ажилладаг. Хандивгүй нам гэж байна уу. МАН гэхэд Тусгаар тогтнолын ордноо бариулахад 10 гаруй гишүүнээсээ тус бүр тэрбум төгрөгийн хандив авч байна гэж бичээд байсан биз дээ. Энэ юу юм бэ. Тэр хүмүүсийн, намын ч буруу биш. Тэгэхээр тэд намаа бодож байгаа хүмүүс. Энд Г.Шийлэгдамбын буруу гэж байна уу.
 
М.Ганцэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин