sonin.mn
 
Өдрөөс өдөрт манай Нийслэл хот маань өргөжин тэлж, өнгө зүсээ зассаар метрополитан хотын хэмжээнд очиход ойрхон байна. Тэгвэл Чингэлтэй хайрханаар овоглогдсон Чингэлтэй дүүрэгm хийгдсэнбүтээн байгуулалтууд болон хөгжлийн төлөө хийх олон олон ажлын талаарх цуврал ярилцлагыг бид хүргэж байгаа билээ. Энэ удаа бид Чингэлтэй дүүргийн  1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболдтой хорооны өнгөрсөн онд хийж бүтээсэн ажил, 2016 онд хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
 
 
-Сайн байна уу. Юуны өмнө та хороогоо товч танилцуулаач.
 
Манай хорооны хувьд Улаанбаатар хотын төв хэсэгт байршилтай 926 өрхийн 3750 хүн амтай. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс гэдгээрээ онцлогтой. Мөн бахархаж ярихад манай 1дүгээр хороонд ард түмэнд танигдаж, тэдний хүндэтгэлийг хүлээсэн төрийн дээд шагнал хүртсэн хамгийн олон буюу 27 хүн амьдардаг.
Миний хувьд 2013 оны 12 сард энэ ажлаа хүлээн авсан. Түүнээс хойш хорооны Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд ажил үүргээ хийж гүйцэтгэж байна. Манай хороо өмнө нь 18 дугаар байрны 1,2 тоот буюу айлын орон сууцанд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2014 оны 10 дугаар сард одоогийн байрандаа  орсон. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой болсон.
 
-Танай хороо 2015 онд ямар зорилт дэвшүүлэн ажилласан вэ? Биелэлт нь хэдэн хувьтай байна вэ?
 
2015 онд манай хороо “Иргэдийн оролцоо - хувь хүн хөгжил” уриан дор Нийслэл, дүүрэг болон бусад холбогдох байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудыг иргэдэд хүргэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хорооноос зохион байгуулж байгаа аливаа ажилд байгууллага аж ахуйн нэгж, иргэд, хамт олныг оролцуулах, Төр захиргааны байгууллагын ажлыг иргэдэд нээлттэй ил тод, түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд чиглүүлэн ажиллалаа.
Мөн 2015 онд үндсэн 5 бүлэг, 61 ажил хийхээр төлөвлөсөнөөс биелэлт 97 хувьтай гарсан.
 
-Өнгөрсөн 2015 онд хийгдсэн томоохон ажлаасаа танилцуулахгүй юу?
 
ОНХС хөрөнгөөр 19 дүгээр байрны фасад засварын ажил, дүүрийн хөрөнгөөр тоглоомын талбайн болон нийт 10 байрны 2904 мкв явган хүний замыг шинэчлэх ажлуудыг хийсэн. Мөн 4 дүгээр  байрны явган хүний зам хааж барьсан  өргөтгөлийг буулгаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 5 түргэн үйлчилгээний цэгүүдийг  нүүлгэсэн.
 
Дүүргийн Засаг даргын“Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Ногоон хороо” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан.  Дараагийн томоохон ажил бол хүн  амын  нягтрал  суурьшил  ихтэй  хороодод  хүүхдийн  цэцэрлэг  шинээр  барих,  хуучин  цэцэрлэгийн барилгыг  өргөтгөх,  иргэд, байгууллага,  аж  ахуйн нэгжийн дэргэд гэр цэцэрлэг  байгуулахыг  дэмжих  ажлын хүрээнд манай хороо шинээр 3 цэцэрлэгийг дахин төлөвлөлтөнд оруулахаар саналаа холбогдох байгууллагад хүргүүлээд эхнээсээ хэрэгжээд явж байна. Тухайлбал, 2014 онд 240 хүүхдийн ортой 5 дугаар цэцэрлэгийг стандартын дагуу барьж, ашиглалтад орууллаа. Түүнчлэн дээр дурьдсанаар иргэдийн хүсэлтийн дагуу хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн цогцолбор барилга барьсан. Ингэснээр нэг цэгийн үйлчилгээнээс иргэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, ямар ч чирэгдэлгүйгээр үйлчилгээгээ авах боломжтой болсон. Үүнээс гадна манай хороо шилэн кабелд бүрэн холбогдсон.
 
-Хороо бол иргэдэд хамгийн ойр, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг нэгж шүү дээ. Танай хорооны хувьд иргэддээ чиглэсэн ямар ямар ажлуудыг хийсэн бэ?
 
Төр засгын анхан шатны байгууллага, иргэдтэй хамгийн ойр байдаг байгууллага  бол хороо юм. Иймээс төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж,  бүх төрийн мэдээллийн суваг, мэдээлэлийн самбар, гарын авлага, сургалтыг зохион байгуулж ажиллаж байна.
 
Бид өнгөрсөн оны 3 дугаар сарын 15-нд 3 дугаар сургуулийн спорт зааланд Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, спорт хороотой хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-ийн спортын наадамд хорооныхоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгхамруулан хонхот бөмбөг, шатар, суугаа гар бөмбөг гэсэн 3 төрлийн тэмцээнийг зохион явуулсан. Мөн Дүүргийн 19 хорооны Иргэдийн дунд зохион байгуулсан спортын уралдаан тэмцээнд нийт дүнгээр 2 дугаар байр эзэлсэн амжилттай 2015 оныг үдлээ.
 
-Хүүхдэд чиглэсэн олон ажлууд хийгдсэн гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
 
Манай хорооны хувьд хүүхдэд чиглэсэн ажилд илүү анхаардаг. Учир нь хүүхэд залуучууд бол бидний ирээдүй. Энэ тал дээр ч дүүрэг нэлээд анхаарал хандуулдаг. Тухайлбал 2015 оны 4,5 дугаар сард хорооныхооХөдөлмөрийн баатар Л.Түдэвийн нэрэмжитномын санг баяжуулж, хорооны хүүхдийн зөвлөлтэй хамтран “Номтой нөхөрлөе” аянг зохион байгуулсан. Үүний үр дүнд ном унших сонирхолтой иргэд, хүүхдүүдийг хамруулан ном уншлагын цаг гарган ажиллаж байна. Мөн Иргэний танхимд хүүхдүүдийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор IQ хөгжүүлэх, шатар, даамын  дугуйланг 23 дугаар сургуультай хамтран өдөр болгон хичээллүүлж байна.
Мөн 2015 оны 5 дугаар сарын 01-нд Хүүхэд хөгжлийн төвөөс “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдэвт сургалтыг бага насны хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд зохион байгуулсан. 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад “Архи, тамхины хор уршиг, мансууруулах бодисын хор хөнөөл” ,“Хүүхдэд хүчирхийллийн хоруршгийг таниулах, сөргөлдөөнийг эвийн аргаар шийдвэрлэх нь”гэх мэтчилэн сургалтыг хорооны хамтарсан багтай хамтран зохион байгуулсан нь их үр дүнтэй ажил болсон гэдгийг онцолмоор байна.
 
-2016 онд ямар зорилт тавин ажиллаж байна вэ?
 
2016 оны 1 дүгээр сараас эхлэн Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар, зөвлөлөөс санаачлан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” хууль, “Хөршийн холбооны хөтөлбөр”, “Амар тайван Чингэлтэй хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн хэмжээнд ГУДАМЖБАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮД ажиллуулж эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд 1 дүгээр сарын 22-ны өдөр хорооны иргэний танхимдБАЙРНЫ НИЙТИЙН ЭРГҮҮЛИЙН МЭРГЭЖИЛ арга зүйн сургалтыгзохион байгууллаа.
Мөн хорооныхоо Иргэдийн нийтийн хурлыг хийж, Засаг даргын 2015 оны үйл ажиллагааны тайлан, “Мэнд-Цолмон” өрхийн эрүүл мэндийн төвийн 2015 оны үйл ажиллагааны тайлан болон Цагдаагийн хэсгийн 2015 оны тайланг тус тус хэлэлцэж, “Бүрэн хангалттай” гэж иргэд дүгнэлээ.
 
Харин цаашид хороондоо хийж хэрэгжүүлэх ажил олон байгаа. Тухайлбал иргэдийг нээлттэй, ил тод, шуурхай үйлчилгээгээр хангахын тулд  Нэг цонхны үйлчилгээг нэмэгдүүлье гэсэн бодолтой ажиллаж байна. Мөн 2016 онд иргэдийн санал санаачилгын дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах тал дээр анхаарч ажиллах зорилттой байна.
 
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй!
ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХАМТДАА ХӨГЖЬЕ.
 
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.