sonin.mn
Монгол Улсын шадар сайд болно, улмаар намаа удирдан УИХ-ын 2016 оны сонгуульд амжилттай оролцоно, улс төрийн амьдралд биечлэн эргэж ирнэ гэсэн зорилготой байсан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хүсэл талаар өнгөрч буй бололтой. 
 
МАХН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Эрүүл Мэнд, Спортын Сайд асан Г.Шийлэгдамба өөрт нь үүсгээд буй авлигын хэргийг МАХН-ын санхүүжилт ба Н.Энхбаярын шахалт, дарамттай холбон албан ёсоор зарласан нь уг хэргийн үр дүнг өөр болгох нь тодорхой болов. 
 
Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Уянга, Д.Тэрбишдагва нар Н.Энхбаярыг орхихоо хэдийн зарласан. Үүнтэй зэрэгцэн өчигдөр АН "Шударга ёс" эвслийг хамтран бүрдүүлэгч МҮАН-ыг өөртөө нэгдэхийг уриалсан төдийгүй ажлын хэсэг байгуулан шуурхай ажиллаж эхэлсэн билээ. 
 
Энэ бүхэн нь УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө Н.Энхбаярыг эвсэлгүй, УИХ дахь бүлэггүй болгож, МАХН-ыг хуваан, удирдлагын хомсдолд оруулан, улмаар түүнийг ганцаардуулан шахаж, улс төрөөс зайлуулах ажиллагаа тун удахгүй бодит биеллээ олохын эхлэл юм. Түүний дэргэд санхүүгийн хийгээд улс төрийн ресурсгүй З.Баянсэлэнгэ, Б.Тулга нар л эцсээ хүртэл үнэнчээр үлдэх биз. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэж, МАХН-ын үйл ажиллагааг шалгаж эхэлвэл тус нам УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох ямар ч боломжгүй болох аж. 
 
Учир нь Н.Энхбаярын гэр бүл дахин их хэмжээний сонгуулийн санхүүжилт хийх сонирхолгүй байгаа, өөр МАХН-ыг биечлэн удирдан санхүүжилт хийгээд удирдлагаар хангах хүн тус намд үлдээгүй, дахин олдохгүй гэнэ. 
 
Э.Мягмардорж