sonin.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.02.03/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд харьяа Байнгын хороогоор хэлэлцээд явах нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “хүлээн зөвшөөрсүгэй” гэснийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” хэмээн өөрчлөхөөр тогтоолын төсөлд тусгасан юм. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан тогтоолд өөрчлөлт оруулах ёстой. Тогтоолд өөрчлөлт оруулсан талаар албан ёсоор бичгээ Үндсэн хуулийн цэцэд илгээн мэдэгдэх хэрэгтэй. Дээрх асуудлыг УИХ эцэслэн шийдээгүй байхад Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаан хийх гэж хоёр удаа зарлаад өнгөрсөн долоо хоногт хурлаа хийсэн байна. Тиймээс бичгээ бид албажуулан явуулах нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа хийж эцсийн шийдвэр гаргасан бол бид ийм тогтоол гаргах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дээрх тогтоолын төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Үүний дараа Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2015 оны 3, 6 дугаар дүгнэлтүүд, 5, 7 дугаар тогтоолуудыг гаргахдаа Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэр замаар гаргахгүй, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх асуудлыг хэлэлцэхгүй гэж үзэж Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт, 17.2 дахь хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болгосонтой нийцүүлж процессийн хуулиудад холбогдох өөрчлөлтийг дараах байдлаар оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулжээ. Үүнд:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбогдсон заалтыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдсон зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг тусгасан.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөлд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаантай холбогдсон 1761, 177, 178 дугаар зүйлүүдийг хүчингүй болсонд тооцохоор тусгасан.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хяналтын журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйлд заасан журмыг баримтлахтай холбогдсон 91 дүгээр зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан болно хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцуулсан юм. Хэлэлцэж бус асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа

Дараа нь Дотоодын цэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

Тэрбээр, 1922 онд дотоодын харуул, хамгаалалтын үүргийг дагнан гүйцэтгэх зорилгоор тулгын чулууг тавьснаас хойш Дотоодын цэрэг нь удирдлагын хувьд Хилийн ба Дотоодын цэргийг удирдах газрын хоёрдугаар хэлтэст Дотоодын цэргийн тасаг нэртэй мэргэжлийн цомхон аппарат, цөөн бүрэлдэхүүнтэйажиллаж байжээ. Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар Дотоодын цэргийн хэлтэс болгон өргөтгөсөн. Улмаар 1990 оноос Хилийн цэргээс Дотоодын цэргийг салгаж, Цагдаагийн ерөнхий газрын харъяанд шилжүүлсэн бөгөөд ЦЕГ-ын даргын дэргэд Дотоодын цэргийн хэлтэс байгуулагдаж байсан.

Дотоодын цэргийн тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болж, гүйцэтгэж байсан чиг үүргийг Цагдаагийн байгууллага хариуцахаар болсон.

Дотоодын цэргийг цомхон бүтэцтэйгээр байгуулан, бие даасан байдлыг нь хангаж, мэргэшсэн бүрэлдэхүүнээр улсын онц чухал обьектын хамгаалалтыг зохион байгуулах болон шаардлагатай үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, иргэн, байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл болсон, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэмийг сахиулахад оролцох, терроризмын эсрэг тусгай ажиллагааг гүйцэтгүүлэх бэлтгэгдсэн хүч хэрэгсэлтэй байх хэрэгцээг харгалзан Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсрууллаа хэмээн танилцууллаа.

Хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Дотоодын цэргийн бүтэц,тогтолцоо, чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, улсын онц чухал объектыг хамгаалах, холбогдох байгууллагад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлэхдээ, энэ хуулийн төсөлтэй төстэй хуулийн төслийг өмнө нь УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлж байсан хэмээгээд тэр үед УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байсан гэлээ. Тиймээс гишүүдийн дээрх байр суурь хэвээрээ байгаа эсэхийг тодруулах үүднээс асуудлыг АН-ын бүлэг дахин хэлэлцэх хэрэгтэй хэмээн хэлсэн. Тэрбээр хуулийн төслийг өргөн барьсан Засгийн газар, УИХ-ын гишүүдийн дунд ойлголтын зөрүү байгаа учир ойлголтоо нэг мөр болгох нь зүйтэй гэж байлаа. УИХ-ын дарга З.Энхболд, маргаантай байгаа асуудлыг хэлэлцэх хэрэггүй. Тиймээс ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр хойшлуулаад ойлголтын зөрүүгээ арилгах нь зүйтэй гэсэн санал хэлснийг гишүүд дэмжин дээрх асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.