sonin.mn

НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг /ААН/ татвар, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд хамтран шалгаж эхэлсэн талаар өнөөдөр Гааль, татварын ерөнхий газарт мэдээлэл хийлээ.

НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч аж ахуйн нэгжүүд сугалааны хонжвор, урамшууллын эрх бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөхгүй, кассын машиныг үйлчилгээндээ нэвтрүүлэхгүй зэргээр иргэдийн эрх ашгийг хохироосоор байна. Тиймээс Гааль татварын Ерөнхий газрын харьяа Нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, НЗДТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хамтарсан Ажлын хэсэг нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагыг шалгаж эхэлсэн байна. Ажлын хэсэг НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зохих журмын дагуу баримт хэвлэхгүй байгаа ААН, байгууллагуудад захиргааны хариуцлага тооцож, хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, эсвэл түүнийг 2-3 дахин, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.

Хуульд зааснаар НӨАТ төлөгч байгууллага нь иргэдийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэх, бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрт төлбөрийн баримт олгох, хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг 3 хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээх, НӨАТ төлөгч хоорондын борлуулалтын падааны бүртгэлийн мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээх үүрэгтэй юм.

Хэрэв бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан бол тайлант хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувиар, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй тасалбар олгосон бол орлогын үнийн дүнгийн 20 хувиар торгуул ногдуулах юм байна.

Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 80431 ААН-д татварын албанаас мэдэгдэл, албан тоот илгээсэн бөгөөд 30-аад хувийг нь сургалтад хамруулж, заавар зөвлөгөө өгчээ. Өнөөдрийн байдлаар 24162 баримт хэвлэх цэг ажиллаж, 4 сая гаруй баримт хэвэлсэн байна.

С.Сайнзаяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг