sonin.mn

Сирийн эрх баригчид тус улсын нийслэл Дамаск хотын ойролцоо босогчдын хяналтад байгаа бүс нутгуудад хүмүүнлэгийн тусламж оруулахыг зөвшөөрсөн байна. Босогчдын хяналтад байгаа газруудыг Сирийн армийнхан бүслээд олон сар болж байгаа аж. Бүслэлтийн улмаас олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдэж буй. “Хавирган сар” нийгэмлэгийнхэн Аль-Талд 14 ачааны автомашинаар хүмүүнлэгийн бараа хүргэжээ. Түүний дотор гурван мянган хүнд нэн шаардлагатай болоод байгаа 25 тонн хүнсийг аваачсан байна.

Саяхнаас Швейцарийн Женев хотод НҮБ-ын зуучлалаар эхэлсэн Сирийн сөргөлдөгч талуудын энхийн хэлэлцээр маш хүнд нөхцөлд явагдаж байгаа. Сирийн сөрөг хүчнийхэн хүмүүнлэгийн тусламжийг Засгийн газрын цэргүүдийн бүслэлтэд байгаа 18 хот сууринд оруулахыг шаардаад буй. НҮБ-ын Сирийн асуудлыг хариуцсан төлөөлөгч Стаффан де Мистура энэ сарын 1-нээс эхэлж энхийн хэлэлцээрт оролцогч талуудтай тус тусад нь уулзалт хийгээд эхэлсэн.

Сүүлийн үед Сирийн Засгийн газрын цэргүүд Алеппо хотын хойд хэсэгт оршдог гурван ч суурин газрыг эзлэн авчээ. Засгийн газрын цэргүүд ОХУ-ын агаарын хүчний дэмжлэгээр довтолгоонд гарсан нь Женевт болж буй энхийн хэлэлцээрт оролцож байгаа сөрөг хүчнийхний дургүйцлийг төрүүлээд байна. Энэ нь энхийн хэлэлцээрийг тасалдуулах аюул учруулаад буй. 2010 онд Башар Асадын засаглалыг эсэргүүцсэнээр эхэлсэн Сирийн иргэний дайнд олон мянган хүн амь үрэгдэж, тус улсын олон сая иргэн гэр орноо орхин дүрвээд байна.

М.Хүслэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин