sonin.mn

Бар кодтой баримт авч бүртгүүлэн сугалаанд орол­цохын зэрэгцээ жилийн эцэст нийт худалдан авалтын үнийн дүнгийн хоёр хувийг эргүүлэн авах болсон. “НӨАТ-ын урамшууллын систем” төсөл хэрэгжиж эхлээд 34 хонож буй.

НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэхэд иргэд идэвхтэй оролцож байгааг ГТЕГ-ын дарга С.Пүрэв онцолсон. Гэсэн хэдий ч азтан болсон эсэхээ шалгахгүй, мэдэхгүй байгаа хүмүүс байгааг төслийн багийнхан хэллээ. Энэ хугацаанд гурван удаа азтан шалгаруулаад байгаа юм. Өнгөрсөн сарын 31-нд болсон сугалааны тохиролд 3316091 баримтаас 3316 нь шагнал хожсон аж.  Үүнээс дөрвөн сая төгрөгийг таван хүн, 500 мянгыг 33 азтан, 100 мянган төгрөгийг 287 хүн хожсон бол 2990 хүн 20 мянган төгрөгийн азтанаар тодорчээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн оршин суугч Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөгийн азтан боллоо. Ингээд өчигдөр НӨАТУС-ын төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга супер азтандаа батламж гардууллаа.

Ц.Болдынх ам бүл тавуулаа. Хоёр хүү, охин, эхнэрийн хамт амьдардаг. 20 сая төгрөг хожсоноо мэдээгүй байсан аж. Азтан болсноо мэдсэн ч итгэж чадахгүй байсан тухайгаа түүний эхнэр А.Урангоо хэлсэн юм. Түүний сэтгэгдлийг уншигчиддаа хүргэе.

 

 

“Манай нөхөр НӨАТ-ын хууль хэрэг­жиж эхэлснээс хойш баримтаа байнга бүрт­гүүлдэг. “Цэлмүүн Түшээ” компанийн хүнсний дэлгүүрээр үйлч­­­лүүлэн ML55577825 кодтой баримтаар азтан болсондоо баяртай байна. Би найман сартай охиндоо каш, алимны нухаш зэрэг ойр зуурын хэрэглээний бүтээгдэхүүн худалдан авсан. Нөхөрт маань өчигдөр /2016.02.02/ ажил дээрээ байхад нь Төслийн нэгжээс утасдан сугалаанд хожсоныг дуулгасан байна лээ. Гэхдээ тэр үед нь “Найз нь тоглож байна” гээд огт итгээгүй гэсэн. Тэгээд хаягаа шалгатал 20 сая төгрөг гээд биччихсэн байсан. Нөхөр маань хоёрын тооны ард хэдэн тэг байгааг тоолж чадаагүй гээд байгаа юм. Магадгүй нүдэндээ ч итгээгүй байх. Тэгээд Гааль, татварын ерөнхий газар руу дахиж залган “Энэ үнэн үү. Яг энэ мөнгөө өгөх үү, гэж асуусан” гэсэн.

Баталгаажуулсныхаа дараа манай нөхөр надад хэлэхэд нь би итгээгүй.  “Худлаа ярьж, хөхүүл хүүхэдтэй хүнээр тоглоод байгаарай” гэсэн юм. Тэгээд ойр тойрныхондоо хэлтэл бас л итгээгүй. Харин одоо манай найзууд www.ebarimt.mn сайтад баримтаа бүртгүүлдэг болсноо надад хэлсэн. Энэ сугалааны тохирол шударгаар явдаг юм байна гэдэгт итгэсэн. Тиймээс заавал бүртгүүлж байгаарай гэж хүмүүст хэлье. Анх энэ программд бүртгүүлэхэд гацаж удаад хэцүү байсан. Сүүлдээ завтай үедээ хийдэг болсон. Ихэвчлэн оройн цагаар бүртгүүлдэг. Одоо нийт баталгаажсан баримтын буцаан олголтод 18 мянган төгрөг авахаар болсон байгаа” гэв

Ц.Болдын том хүү, 52 дугаар сургуулийн сурагч Б.Хантүшиг “Унадаг дугуй авхуулна гэж бодож байна. Аав маань амалсан юм. Азтан болсондоо баяртай байгаа” гэв. Харин жинхэнэ азтан буюу найман сартай охинд хадгаламж нээлгэхээр төлөвлөж буйгаа ээж А.Урангоо нь хэллээ.

Энэ үеэр “НӨАТУС” төслийн нэгжийн захи­рал Р.Отгонтулга “Суга­лааны тохирол явсны дараа 500 мянгаас дээш төгрөгийн хонж­вор хож­сон иргэд өөрийн биеэр ирж өргөдлийн маягт бөглөнө. Үүний дараа иргэний үнэмлэхний хуул­бар, хонжвор таарсан төлбөрийн баримтыг хав­сарган Сангийн яаманд хүр­гүүлэх юм. Харин суга­лааны хонжворыг тухайн долоо хоногтоо багтаан ир­гэний бүртгэлтэй дан­­­санд шилжүүлж байгаа. Тиймээс иргэд баримтаа www.ebarimt.mn сайтад идэвхтэй бүрт­гүүлэн, азтан болсон эсэхээ шалгах хэрэгтэй. Тохирол таарсан, сугалаа хожсон дийлэнх иргэд азтан болсноо мэдэхгүй байна. Хэдийгээр гурван сар буюу 90 хоногийн хугацаанд хүчинтэй байх боловч хугацаа алдалгүй хонжворынхоо мөнгөн урам­­­­шууллыг авах хэрэгтэй” гэв. Иргэд суга­лаандаа идэвхтэй оролцон, азтан болсноо хамгийн хялбараар мэдэхийг хүсвэл www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин