sonin.mn
Монголчууд хүнээр ажил хийлгэчихээд хөлсийг нь өгөхгүй байх, зээлсэн гуйсан мөнгө төгрөг, эд зүйлээ буцаахгүй бултаж зугтахыг “луу унжих” гэсэн хэлцээр илэрхийлдэг. Үүнийг одоочилбол хөдөлмөрийн мөлжлөг, луйвар гэж хэлж болно.
 
Монголын авто замчдыг төр засаг яг л иймэрхүү байдалд оруулчихаад байгаа талаар Авто замчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдээлэл хийж, компаниудын төлөөлөл бидэнтэй санал бодлоо хуваалцсан юм. Тус холбооны дарга Б.Цэвээнпүрэвийн ярьж байгаагаар, 12 мянга гаруй км авто замын засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэж, 1000 орчим км хатуу хучилттай авто зам, гүүрийн барилгын ажлыг хийсэн 52 компани 17 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг авч чадахгүй байгаа тухай гомдлоо ирүүлсэн байна.
 
Түүний цаана гомдол саналаа ирүүлээгүй олон компани байгааг холбооныхон хэлсэн хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг аваагүй компаниуд ажилчдынхаа цалинг 3-4 сараар олгож чадахгүй, санхүүгийн хямралд орсноос гадна нийгмийн даатгал, татварт өртэй болж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээ битүүмжлүүлэх, зарим нь шүүх цагдаад дуудагдахдаа тулаад байгаа гэнэ. “Тэргүүн саруул зам” компанийн инженер Н.Ууганбаатар ярихдаа, “Манайх Гачууртын 11 км автозамын хоёр гүүрийн засвар арчлалтыг хийснээс гадна XIX хорооллыг Нарны замтай холбох 48 м гүүрийг барихад түншлэлээр оролцсон. Эдгээр ажл^ын санхүүжилт болох 400 сая орчим төгрөгийг одоо хүртэл олгоогүй байна.
 
Үүнээс шалтгаалан өөрийн үндсэн болон түр ажилчин 70 гаруй хүнийхээ цалинг сүүлийн хоёр сар тавьж чадаагүй. Нийслэлийн Автозамын газарт хүсэлтээ тавихаар “Удахгүй санхүүжилт хийнэ. Хүлээж бай” л гэдэг” гэлээ. Мөн “Жинхэнэ зам” компанийн захирал О.Цэвэлмаа дотоодынхоо хөрөнгө санхүүгийн боломжид түшиглэн “Гудамж” төслийн нэг хэсэг “Монел”-ын уулзварын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн ч санхүүжилтээ авч чадалгүй бас л хүнд байдалд орсноо учирлаж байлаа.
 
Нийслэлийн авто зам сайжирч, шинээр уулзвар, гүүр барьснаар замын түгжрэл багасч байгаа юу гэвэл тийм. Үүнтэй хэн ч маргахгүй. Харин Хөгжлийн банкаар дамжуулан улс орны бүтээн байгуулалт, түүний дотор авто замд зарцуулсан гэх Чингис, Самурай бондын хөрөнгө хаачив. Дотоодын үйлдвэрлэгчдээ бүх талаар дэмжинэ гэж сайхан ярьдаг эрх баригчид авто замчдад “амсуулах” төдий хуваарилсан замын ажлынхаа хөлсийг яагаад олгодоггүй юм бэ гэх асуулт өөрийн эрхгүй гарч байна. Замын компаниуд өөрсдийн хөлс хөдөлмөрөөр хуримтлуулсан багахан хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөө барьцаалж банкнаас авсан өндөр хүүтэй зээлээр олдсон завшааныг ашиглан зам тавьж, гүүр босгочихоод байгаа юм.
 
Гэвч түүнээс цааш илүү гаргаж, дунд, дээд зиндааны түшмэдийг авлигадах мөнгөгүйгээс ийм байдалд хүрч буйг хэлэх нэг нь сэмхэн шивнэж, эс чадах нөгөө нь тас дараад зөвхөн санхүүжилтээ хүлээж сууна. Томхон дуугарах, шаардлага тавих аваас дараагийн тендерийн шалгаруулалт, богино хугацааны санхүүжилт “будаа болох” учраас амаа барихаас аргагүй байдаг тухай зарим нэг нь нам дуугаар тайлбарлаж байлаа.
 
Г этэл гадаадын компанид ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр их хэмжээний төсөвт замын ажлыг найр тавин өгч, санхүүжилтийг нь саадгүй олгодог талаар “Өргүй монгол” ТББ-ынхан баримт дэлгэсэн нь саяхан.
 
Хөгжлийн банкнаас “Шан-дун Жунхун рөүд энд бридж констракшн Монголиа” гэдэг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид Тосон-цэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто зам барихад нь 17.3 тэрбум төгрөгийг олгосон байна. Манай 50 гаруй аж ахуйн нэгж олж авч дийлэхгүй, эрх мэдэлтнүүд “луу
унжиж” байгаа мөнгийг Хятадын ганцхан компанид өгчихсөн байна гээд бод доо.
 
Замын-Үүдийн хилийн боомтын автозам, талбайн өргөтгөлийг хийлгэхээр мөн л Хятадын “Zhao Faming” компанид 30 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Нэг их хол зам туулахгүйгээр багахан талбай засаад асфальтаар хучих ажлыг монголчууд өөрсдөө хийж чадахгүй байна гэвэл арай л дэгс болох байх. Дээр дурдсан хоёр баримт бол наад захын жишээ гэдгийг тодотгохын хамт Засгийн газрын бондуудын зарцуулалтад хяналт тавьж, шалгалт хийх цаг болсныг дахин хэлье.
 
Нөгөө талаар хэдэн зуун км замыг богино хугацаанд тавилаа гэж зарлаж, улаан тууз хайчлан шоуддаг хотын дарга Э.Бат-Үүлээс эхлээд УИХ-ын эрхэм гишүүд үндэсний авто замчдынхаа хөдөлмөрийг үнэлж, төсөв төлөвлөгөөндөө арай ахиухан хөрөнгө тавьж өгмөөр байгаа юм.
 
Нэг жишээ хэлэхэд, авто зам, гүүрний барилга, засвар арчлалтын хөрөнгийг энэ онд 55 тэрбум төгрө! байхаар Үйлдвэрчний холбос нь тооцоолж саналаа холбогдох газарт өгсөн ч ердөө л найман тэрбум төгрөгийг төсөвт суулган баталсан байна. Зам дагаад хөгжил ирэх нь, Чингис, Самурай бондоос зарцуулсан олон сая ам.долларын хөрөнгийнхөө ач тусыг хэдхэн жилийн дараа үзэх нь үнэн юм бол тэр замыг барьж босгож, арчилж тордож, хэдэн арван жилээр “наслуулах” энэ салбартаа анхаарах л учиртай.
 
Хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн компаниуд үйлдвэрчинтэйгээ хамтарч хурал хийж, мэдээлэл өгсний дараа 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахыг Сангийн яаманд зөвшөөрсөн тухай албан бус мэдээллийг Монголын автс замчдын холбооноос өгсөн гэсэн Хийснийхээ төлөө авах учиртай нийт мөнгөтэй нь харьцуулбал багахан боловч замчид цагаан сараа тэмдэглэхтэйгээ л болж байгаа бололтой. Хэрэв үнэн бол шүү дээ. Харин цаашдаа яах юм бол...
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин