sonin.mn
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм.
 
Байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Ноён уул орчмын газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахын тулд наад зах нь 36 мянган га талбайг хамгаалалтад авахад хүрнэ. Иймээс Засгийн газраас оруулж ирсэн саналыг байнгын хороо дэмжсэн. Ингэснээр 11 мянган га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар, 405 га талбайг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар болж байгаа юм. Гэхдээ Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ гаргаж байгаа, харин хилийн цэсийг нь Засгийн газар тогтоох юм.
 
Хэрэв гишүүд Ноён уул орчмыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авья гэвэл тогтоолын төсөл санаачилж өргөн барих шаардлагатай гэдгийг хэллээ. Ингээд тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71 хувь нь дэмжсэн юм.
 
Уг тогтоолын төслөөр байгаль орчны тэнцвэрт байдал, нэн ховор болон ховор амьтан, ургамал, байгалийн унаган төрхийг хадгалах, түүх, соёлын үнэт өвийг хамгаалах зорилгоор археологийн онцгой ач холбогдол бүхий газар нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тус тус тусгай хамгаалалтад авахаар болж байгаа юм.
 
Дараа нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг чуулганы өнгөрсөн сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага аваад байсан юм.
 
Завсарлагын хугацаа дууссан тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжив. Эдийн засгийн байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ тогтоолын төслийн 2 дугаар зүйлийг “Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан төрийн эзэмшлийн хувийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч талтай хэлэлцээ хийж шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй” гэж өөрчлөн найруулахаар санал хурааж шийдвэрлэжээ.
 
М.Ган
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин