sonin.mn
Цаг тооны хүрдэнд амьдрал хөвөрсөөр Цагаан сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд монголчууд хонь жилийн хишиг өгөөж, амжилт сургамжийн тухай яриа хөөрөө дэлгэж байна.
 
Манай сонины редакци ч ялгаагүй Монголын мянга мянган залуу чуудын нэрийн хуудас болсон Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын хол­боо гэдэг “өнөр бүлийн” Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.
 
- Зөөлөн, дөлгөөн хэмээн монголчуудын билэгшээдэг хонь жилд эрч хүч, хүсэл мөрөөдлөөр бялхаж байдаг залуучууд тэр дундаа танай холбоо ямар түүхийг бичиж үлдээж байгаа талаар ярилцлагаа эхэлье.
 
Улиран солигдох дөхөж байгаа хонь жил хүн бүхний амьдралд ахин давтагдахгүй ямар нэг түүхийг үлдээсэн гэдэгт итгэлтэй байна. Ухаарал, баяр баясгалан, эвлэрэл, итгэлцэл, хөнгөн гуниг гээд. Харин хонь жилийн сүүлийн хагас бол Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны хувьд шинэ бүтэц зохион байгуулалт, шинэ баг бүрэлдэхүүнээр ажилласан жил боллоо.
 
Өнөөгийн нийгэмд хамгийн их ярьж, хүмүүсийн хүсэн хүлээж байгаа хариуцлага, ёс зүйг залуус бид өөрсдөөсөө эхлэх алхам хийж чадлаа гэж хэлж болно. Энэ хүрээнд холбооныхоо удирдлагын түвшинд анх удаагаа хариуцлагын гэрээ хийж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Мөн аймаг бүрт 1000 залуусыг хамруулсан “Залуус бид хамтдаа” аяныг үндэсний хэмжээнд өрнүүллээ.
 
Эдгээрийг цаг үетэйгээ уялдсан, нийгэмд өгөөжтэй үйл ажиллагаа гэж бид үзэж байгаа. Орон нутгийн салбар холбоодын бүтээн байгуулалтын ажил, гадаад харилцаа гээд олон зүйл бий. Товчоор хэлбэл, бид цаг үргэлж хамтын хүчээр ихийг хийж бүтээхийн төлөө хичээж ажилласан гэхэд болно.
 
-“Залуус бид хамтдаа” аянаас хүлээж байсан үр дүн, төлөвлөсөн зорилгоо хэр биелүүлсэн вэ?
 
-Эх орныхоо өнцөг булан бүрт байгаа залуустаа хүрч ажиллая гэдэг зарчмын үүднээс энэ аяныг үндэсний хэмжээнд хийж чадлаа. Залуус залуустайгаа санал бодлоо солилцсон энэхүү амьд харилцаа бол хамтдаа хөгжих гол түлхүүр гэж бодож байна. Ер нь бодит байдлыг нүдээрээ харах, үнэнийг мэдэж байгаа хүнтэй үг солих нь өөрөө үнэ мөнгөөр хэмжих боломжгүй ирээдүйн төлөвлөлт учраас энэ ажлыг хийх ёстой юм.
 
Аяны ач тус, үр дүн юу вэ гэдгийг олон хүн асуудаг. Монгол Улсын хүн амын 56 орчим хувийг залуучууд эзэлж байна. Тэдний өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээл, өөрчлөх эзнээ хүлээж байгаа юм бүхнийг залуучуудын байгууллага гаргаж ирэх ёстой шүү дээ. Тиймээс залуучуудын хөгжлийг дэмжихийн тулд тэднээс зайлшгүй өөрчлөлт хүлээж байгаа зүйл юу байна, ямар шийдэл байж болох вэ, үүнд залуу хүн та өөрөө ямар оролцоо дэмжлэг үзүүлэх вэ, төрийн зүгээс ямар туслалцаа шаардах вэ гэхчилэн асууж, тодруулж бодит хариулт авлаа. Бид түүвэр судалгаа хийж цоо шинэ нэгдсэн мэдээллийн бааз бий болгож чадлаа.
 
- Судалгаандаа үндэслэж төлөвлөсөн ажлаасаа нэрлэж болох уу. Хэзээнээс ажил хэрэг болж эхлэх бол?
 
-Судалгааны хүрээнд НАМЗХ нь “Залуучуудын хөгж­лийн санаачлага­ 2030” хэмээх тодорхой үе шатлалтай хэрэг ­жүүлэх баримт бичиг боловсруулсан. Энэхүү баримт бич­гийн тандалт, судалгааны чухал хэсгийг сум, хороо бүрийн залуусыг хамруулсан аяны үеэр авсан санал асуулгад тулгуурлаж боловсруулсан.
 
Нийгмийн амьдралын олон талт асуудлаар 21 тодорхой санал, шийдлийг баримт бичигт тусгачихаад байгаа. Гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, орон сууц, ажлын байр, бизнес эрхлэлт, төрийн албанд ажиллах болон цэргийн алба хаах гээд маш олон төрлийн саналыг багтаасан. НАМЗХ залуус ямар санаачлага, санал гаргасныг нэгтгэж, Монгол Ардын Намын удирдлага болон хууль тогтоох, шийдвэр гаргагчдын түвшинд уламжилна.
 
Яагаад гэвэл бидэнд байгаа энэ бэлэн мэдээлэл бол Монголын бүх залуучуудыг төлөөлсөн дуу хоолой үзэл бодол болохоор тэр. Холбооны зүгээс ч нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын бүтээлч санаачлагыг дэмжих зорилготой “Эх орон танаас эхэлнэ” манлайллын аяныг хэрэгжүүллээ. Нийгэм, олон нийтэд тустай, үлгэр дуурайлал болохуйц санаачлага гаргасан залуучуудаа, салбар холбоогоо бид урамшуулах байдлаар энэ аяныг зарласан юм.
 
Жишээ нь, залуус өөрсдийн санаачлагаар нэгдэж Хөвсгөл аймгийн Галт суманд залуучуудын хөгжлийн төв хэмээх бүтээн байгуулалт хийсэн байна. Дархан­ Уул аймагт эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлсэн, цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан хандивын аян өрнүүлсэн, тэргэнцэртэй ир­гэдийн ажлын байр­хөгжлийн төв байгуулж ашиглалтад оруул­сан, Архангай аймагт залуучууд ногоон хөгжилд өөрсдийн хувийг оруулж цэцгийн мандал байгуулсан.
 
Өвөрхангай аймагт Эртэч­ 100 залуусын бүтээлч уулзалтыг санаачлан тогтмол зохион байгуулж байгаа гээд олон сайхан ажил энэ аяны хүрээнд хэрэгжлээ. Ер нь Монголын залуучууд хамтраад, нэг ч гэсэн санал, санаачлагыг ажил болгоё гээд хичээвэл амжилтад хүрч чаддаг нь үүнээс харагдаж байна. Өнөөдөр эргээд харахад хонь жил залууст ээлтэй, хөгжлийн төлөвлөлтөө хийх оновчтой санал санаачлагыг хэрэг жүүлсэн, нэг ёсондоо ирээдүйдээ чиглэсэн хөрөнгө оруулалт хийсэн өгөөжтэй жил боллоо гэж бодож байна.
 
-НАМЗХ-ноос зохион байгуулдаг тогтсон уламжлалт арга хэмжээнүүд гэж байдаг. Харин гишүүд дэмжигчдээ тэлэх илүү олон нийтийг хамруулах тухайд бол удирдлагуудын зүгээс байнга шинийг эрэлхийлэх ёстой байх, энэ хүрээнд хонь жил ямар үйл явдлууд өрнөсөн вэ?
 
-Манай холбоо өөрийн гэсэн уламжлал түүхтэй. 19 жилийн түүхэндээ үндэсний хэмжээнд залуусын дуу хоолойг сонсч тэдэнд хүрч ажилласаар ирсэн. Бас нэг том уламжлалт арга хэмжээ бол НАМЗХ-­ны нэрийн хуудас болсон “Алтан сарнай” оны тэргүүн наадам. Энэ жилийн хувьд шинэ орчинд, шинэ зохион байгуулалттайгаар, илүү өргөн хүрээнд олон хүнийг хамруулж зохион байгуулахаар шийдсэн. Салбар салбарын шилдгийг найман номинациар шалгаруулж, алтан сарнай цомоо хүндэтгэн гардуулсан. Өмнөх жилүүдээс ялгаатай гэж хэлж болохоор бас нэг зүйл нь УИХ­-ын бүх гишүүн, улс төрийн бүх л намын төлөөллийг урьсан.
 
Энэ хүрээнд 10 гаруй намын төлөөлөл Алтан сарнай хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон нь шинэ соёл гэж хэлж болно. Тэр ч утгаараа бид эв нэгдэлд хөтөлсөн “Алтан сарнай” наадам боллоо гэж дүгнэж байна. Эв нэгдлийн наадам боллоо гэж хэлж бас болно. Хонь жил шинээр санаачилж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тухайд ч сэтгэл дүүрэн байна. 2015 оны арванхоёрдугаар сард Тайландын Бангкок хотноо болсон Социнтерний дэргэдэх залуучуудын холбооны Ази­ Номхон далайн бүсийн чуулга уулзалтад залуучуудын хол­боогоо төлөөлөөд миний бие оролцоод ирлээ.
 
Зүгээр ч нэг оролцоогүй, хурлын индрээс дэлхийн залууст хандаж үг хэлсэн. Уг чуулганд 12 орны 20 гаруй залуучуудын байгууллагын төлөөлөл орол ­ цож, бүс нутгийн өмнө тул­ гамдаж байгаа асуудлууд, хөгж лийн чиг хандлагын талаар хөндөж ярилцсан ач холбогдолтой хурал болж өнгөрсөн. Миний бие Монголын залуучуудын өмнө тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийн талаар байр сууриа илэрхийлж оролцсон. Мөн Монголдоо энэ хурлыг 2016 онд хийх эрхийг ч авч чадлаа.
 
2003 онд НАМЗХ нь тэр үедээ Монголын Ардчилсан Социалист залуучуудын хол­ боо нэртэй байхдаа зүүний үзэл баримтлалтай олон залуу­чуудын байгууллагыг нэгт­ гэсэн ОУСЗХ­ны жинхэнэ гишүүнээр элссэн бөгөөд 2007 онд Ази­-Номхон далайн бүсийн чуулганыг Монголдоо амжилттай зохион байгуулж, бүс нутгийн залуучуудын тулгамдаж байгаа асуудлаар тунхаг бичиг гаргаж байсан.
 
10 жилийн дотор хоёр дахь удаагаа Монголдоо энэ хурлыг зохион байгуулах гэж байгаа нь НАМЗХолбоо нь Олон улсын залуучуудын холбоонд идэвхтэй, манлайлан оролцож байгаагийн илрэл юм. Мөн холбооныхоо гишүүд, дэмжигчид залуучууддаа бодлого, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг хүргэх, залуучуудын хүсэл зориг, санал сэтгэгдэл, дуу хоолойг илэрхийлэх мэдээллийн эргэх холбоог идэвхжүүлэх зорил гоор ‘’Залуус бид хамтдаа’’ сонинг гаргадаг боллоо. Сонингоо цахимаар хүргэж байгаа. Сониноороо, вэб сайтаа раа дамжуулан залуусын эх орныхоо төлөө хийж бүтээх, хүсэл эрмэлзлээ илэрхийлэх ‘’Хөгжилд оруулах миний санал’’ буланг ажиллуулж эхлээд байна.
 
Түүнчилэн “Эрүүл Монгол Залуу” эв нэгдлийн спортын их наадам, “Эх дэлхийгээ хайрлая” аяныг дурдах нь зүйтэй. Хүмүүс бид байгаль орчноо хайрлан хамгаалах нь бүү хэл хамгийн ноцтой сүйтгэн бохирдуулагч болчихоод байгаад шүүмжлэлтэй ханддаг. Тиймээс иргэд, залуусын хамгийн ихээр цугларч, амарч зугаалдаг цэгт НАМЗХ-ноос “Эх дэлхийгээ хайрлая”, “Эх нутгаа хайрлая” уриалга бүхий 2000 гаруй самбар байршуулсан. Мөн залуустаа зориулсан сургалт, уулзалт, мэдээлэл зөвлөгөө өгөх арга хэмжээг ч цувралаар явууллаа. Цаашдаа эдгээр ажлаа илүү хүртээмжтэй болгох, залуусынхаа хүлээлтийг байнга судлах нь НАМЗХ-ноос барьж байгаа гол бодлогуудын нэг юм.
 
-Цахим мэдээллийн орчин бол өнөө цагийн залуусын гол хэрэглээ болоод байна. Зөвхөн залууст илүү хамааралтай том орон зайг НАМЗХ хэрхэн харж байна вэ? 
 
-Бид “Цахим НАМЗХ” төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр манай холбоонд 70 мянга гаруй гишүүн, дэмжигч байгаа. Гишүүнчлэлийн хүрээ ч нэмэгдэж байна. “Залуус бид хамтдаа” аяны үеэр л гэхэд 1500 гаруй хүн шинээр элссэн.
 
Бид эдгээр залуучуудаа бүгдийг нь цахим орчинд бүртгэлжүүлэхийг зорьж байгаа. Ингэснээр нас хүйсээр, боловсролын түвшингээр, аймаг бүс нутгаар гэхчилэн ангилаад тэдний нийтлэг байдлыг илэрхийлэх програм хангамж боловсруулж байгаа юм. Түүнчлэн фэйсбүүк, твиттер, инстаграм гэх залуучуудын өдөр тутмын хэрэглээ болсон цахим хэрэгслээр ч бид сүлжээ үүсгэн харилцаа холбоондоо ашиглаж байна. Одоогоор 10 мянга гаруй залуус сошиал сүлжээнд санал бодлоо харилцан илэрхийлж, хамтран ажиллаж байгаа нь холбооны хамрах хүрээ өргөжин тэлж байгаагийн жишээ.
 
Ер нь залуу сын үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлдэг хил хязгааргүй цахим орон зайг сайн мэдэрч судалж ажиллах залуусын л хамгийн сайн хийж чадах ажил шүү дээ. Тийм болохоор таны асуултад манай холбоо онц дүн авахаар байгаа гэдэгт итгэлтэй байна. / инээв/ Мэдээж аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг нэг дэвшил. Цаашид улам сайжруулах, бэхжүүлэх илүү том орон зайг хамрах гэдэг хүн бүрт байдаг урагшлах хөгжих хүсэл тэмүүлэлтэй адил манай холбооны хувьд ч гэсэн мөн төлөвлөгөө зорилгод нь багтаж байгаа ажлуудын нэг гэдгийг хэлмээр байна.
 
-Өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө байдаг залуусыг төлөөлж хонь жилийн ажил үйлсээсээ хуваалцсан танд баярлалаа.
 
-Нэгэн бичгийн эрхмийн хэлсэнчлэн алдааг нь цуглуулсан ч жаргал амтагдсан залуу нас минь гэж сайхан үг байдаг. Энэ лугаа өнөөдөр тохиож буй ямарч зүйлийг залуу насны халуун сэтгэл, итгэл зүтгэлээр ялан дийлж, аливаад тууштай байх нь залуус бидний хөгжлийг урагшлуулах хүч юм. Халуун хошуут хонь жил залууст ээлтэй бас дулаан байлаа. Айлчлан ирж байгаа Бичин жилийн Сар шинийн мэндийг Монголынхоо мянга мянган залууст болон танай сонины уншигчид, монгол түмэндээ өргөн дэвшүүлж байна. Өнөр өтгөн, үйлс өөдрөг, сэтгэл ариун Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
 
Л.Оюу
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин