sonin.mn

2016.02.05

Цагаан сарын баярыг угтан Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 827 аж ахуйн нэгж байгууллага, 2271 иргэн, нийт 3011 объектод хяналт шалгалт хийлээ.

Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад давхардсан тоогоор 2942 зөрчил илрүүлж газар дээр нь 1868 буюу 65,9 хувийг арилгуулж эрсдэл үүсэхээс сэргийлэв. 

Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 87 нэр төрлийн 10,1 тн, 120,7 кг, 669 ш, нийт 25 сая 192 мян төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татуулсан. Мөн 432 нэр төрлийн 10 сая 558 мян төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг устгууллаа. Шаардлага хангахгүй 16 газрын үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлөө арилгасан 6 газрын үйл ажиллагааг сэргээсэн байна.

Хяналт шалгалтын явцад улсын байцаагчийн 78 дүгнэлт, 90 акт үйлдэн, 677 заалттай 106 албан шаардлагаар зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч үр дүнг тооцон ажилласнаар албан шаардлагын хэрэгжилт 66,5 хувьтай байна. Улсын байцаагч нар мөн худалдаа эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. 

Улсын хэмжээнд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтаар хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний 327 нэр төрлийн 672 дээжийг шинжилгээнд хамруулахад 2,9% чанарын шаардлага хангаагүй байна.

Шошгын зөрчилтэй, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдээс дурдвал: “Скай” ХХК-ийн импортлосон “Ghana” /115гр/ шоколад, “Мандах газар” ХХК-ийн импортлосон “Амин дэмийн бэлдмэл” 2 төрөл /40гр, 500гр-аар савлагдсан/, ”Бишрэлт трейд” ХХК-ийн Солонгос улсаас импортлосон /“АВС”-1297,“Fruits candy” нэрийн чихэр, 8 төрлийн печень /Cateau white, ZEC, Sandblack, Buttercoconut, wafflemate, chicchoc, binch, kancho/, Герман улсад үйлдвэрлэсэн /karinaweibe  шоколад, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Мөнх дуут” ХХК-ийн бууз, “Манлай сүү” ХХК-д үйлдвэрлэсэн цөцгийтэй тараг, иргэн Б.Энхбаярын үйлдвэрлэсэн “Нийслэл” нэрийн  хэвийн боов зэрэг болно.

Хөдөө орон нутагт гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын шаардлага хангахгүй, /Хятад шошготой/ хатаасан жимсүүд, өнгөт үрлүүд Контик, esfero, Love набор, кисель, маамуу, дель  нэрийн чихэр, “От всегда сердца” нэрийн хатаасан лийр, Орхон аймгийн Болор ууган ХХК–ний торт, иргэн Туяагийн борлуулсан жимс, Баян-Өлгий аймгийн “Балгын” ХХК чацарганы жүүс  зэрэг бүтээгдэхүүн гарчээ.

 

Иргэд хүнсний бүтээгдэхүүнээ сонгож авахдаа хаяг, шошго, хадгалах хугацаа зэргийг нь шалгаж байхыг зөвлөж байна.