sonin.mn

Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үүднээс Монголын кино өдөрлөгийг “Данийн кино институт”-тэй хамтран Дани улсын нийслэл Копенгаген хотноо энэ сарын 9-16-ны хооронд зохион байгуулна.

Тус кино өдөрлөгт Пусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” шагналт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” УСК, “Хүсэл Шунал” баримтат кино, 2013 онд Пусаны олон улсын кино наадмын Азийн киноны цонх хэсэгт шалгарч оролцсон найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” УСК, Лондонгийн олон улсын богино хэмжээний кино наадамд толилуулсан найруулагч Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” богино хэмжээний кино, найруулагч М.Ивээлийн “Цэн тогоруу” УСК зэрэг олон улсын наадамд өөрсдийн бүтээлээрээ оролцсон шинэ, залуу найруулагчдын бүтээлийг толилуулах юм.

Кино өдөрлөгт кино продюссер Ц.Ариунаа, найруулагч Ч.Хоролдорж нар уригдан оролцож байгаа бөгөөд дэлхийн нэр хүндтэй кино найруулагч, продюссер, уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа өрнүүлэх, Монголын кино бүтээлийг олон улсын, нэр хүндтэй кино наадмуудад толилуулах өргөн боломжийг нээх томоохон гарц гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг