sonin.mn

Нийслэлийн мэргэжлийн  хяналтын газар /НМХГ/ сар шинийн баяр болох гэж буйтай урьдчилан сэргийлэх  хяналт шалгалт хийж  гарал үүсэл нь тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаажилт байхгүй, хаяг шошгийн зөрчилтэй бүтээгдэхүүнүүдийг илрүүлэн хураав.

Шалгалтад худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний 216 аж ахуйн нэгж /ААН/, худалдаа эрхлэгч 634 иргэн, нийт 881 цэг хамруулж, хяналт шалгалтын явцад 546 зөрчил илрүүлэн 296-г зөрчлийг газар дээр арилгасан байна.

Зөрчлийг арилгуулах зорилгоор 117 заалт бүхий 20 албан шаардлага өгч, 15  аж ахуйн нэгжид 3.138.000, зургаан албан тушаалтанд 1.332.000, 55 иргэнд 3.772.000, нийт 8.242.000 мянган төгрөгийн торгууль ногдуулж барагдуулжээ. 

НМХГ-ын улсын ахлах байцаагч Ж.Ариунаа “Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан иргэд гар дээрээс чанарын шаардлага хангаагүй ул боов, бууз, банш, цагаан идээ зэргийг борлуулж байгаа нь зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байна. Шалгалтаар нийт 49 орчим нэр төрлийн зөрчилтэй бүтээгдэхүүн илрүүлж, 1.365.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлжээ. Түүнчлэн 9800 ширхэг 29 нэр төрлийн 22 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авсан” гэлээ.

Баярын бэлтгэлээ хангахдаа чанар аюулгүйн байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг зохих зөвшөөрөлтэй газраас худалдан авахыг сануулж байна.

С.Сайнзаяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг