sonin.mn
Бээжин хотын баруун өмнөд дүүрэгт Бинхэлу өргөн чөлөөний Бай юньгуань гудамжинд Даос хэмээх Бомбын ёсны сүм оршдог. 
 
Сүмийн үүдэн дэх гэрэлт ханын дээр Юань улсын үеийн их бичгийн хүн Жао Мэнфугийн өөрийн мутраар бичсэн “Түмэн үед мөнхөрсөн Чанчунь арш” хэмээх үгс өнөө ч тодхон харагдана. Сүмийн үүдээр ормогц нэг чулуун гүүр угтана. Хуурай лайдсан хонхрын дээгүүрх энэ нуман гүүрийг “Салхин агуулагч гүүр” хэмээх агаад түүнтэй холбоотой сонирхолтой өгүүлэмж байдаг. Эрт цагт Бомбын шашны Үнэн төгөлдөр ёсыг үндэслэгч их арш энэ гүүрээр гарч хутагт хувилгаадтай учран уулздаг байсан гэнэ.
 
Сүмийн нэрийг орчуулвал Цагаан үүлийн сүм гэнэ. Үүл бол салхинаас аюуна, учир нь салхинд сарнин үгүй болдог. Иймд салхинаас үүлийг хамгаалах зорилгоор, салхийг энэ хонхорт хоргодон байх зориулалтаар уг гүүрийг барьжээ. Түүнчлэн Бомбын шашин нь зовлонгийн далайгаас хамаг амьтныг гэтэлгэхийг зорьдог агаад гүүр нь хамаг амьтныг нэг газраас нөгөөд эсэн мэнд хүргэх арга, зам болдог байна. 
 
Тэгвэл Бомбын ёсонд талийгсдын сүнсийг энхжин диваажингийн оронд хүргэхдээ аанай л үл үзэгдэгч гүүрээр  дамжуулан хүргэдэг гэж үздэг. Ер нь гүүрээр дамжин өнгөрөгч хэн бүхэн нэгээс нөгөөд дамжин хүрч, тэр хэрээр сэтгэл хангалуун, амгалан тайван, баяр баясгалантай байдаг авай. 
 
Гүүрийн голд дундаа хонхтой хоёр том хүрэл зоос өлгөөстэй байх агаад хүмүүс зэс зоос худалдан авч гүүрэн дээрээс хонхыг шидэн онож жингэнэсэн уянгалаг дууг нь сонсох гэж аз хийморь, бэлгэ дэмбэрлээ сорьдог заншил эртнээс тогтжээ. Эрт цагт хонхыг жинхэнэ мөнгөн зоосоор шидэж аз хийморио үздэг байснаас үүдэн “Алтан зоосны нүдийг мөнгөн зоосоор мялаана” гэсэн хэвшмэл хэллэг бий болсон гэдэг.
 
Энэ сүмийг Чингис хаан амьд сэрүүн байхдаа Хятадын бомбын шашны их арш Чанчуний хүсэлтээр түүнд соёрхон шагнасан бөгөөд 1226 онд Чанчунь бомбыг таалал төгсөхөд нь энд чандарлан оршуулсан юм. 1228 онд Чингис хааны отгон хүү Тулуй төр барьж байхдаа энэ сүмийн гол дуганыг бариулж, эцгийнхээ зарлигаар Чанчунь бомбын Тахилын сүм болгосон түүхтэй. Энэ дуган өнөө ч бий. 
 
Евразийн өргөн уудам газар нутгийн олон арван улс, түмнийг нэгтгэн захирсан Дэлхийн эзэнт гүрэн байгуулсныхаа дараа Чингис хаан тэр их улс гүрэн, ард түмнүүдийг хэрхэн захиран жолоодох тухай газар газрын эрдэмтэн мэргэдийг олж уулзан сургаал номлолыг нь анхааран сонсохыг хүсэх болсон билээ. Тэр ёсоор Хятад газарт Чанчунь бомбо гэж их номтой, ид шид, эрдэм төгс хүн байна гэж сонсоод түүнтэй уулзахыг хүсч заллагын захидал илгээжээ. 1219 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөр тэмдэглэгдсэн энэхүү түүхэн захидал бичиг өдгөө энэ сүмд хадгалагдаж байна. Түүнчлэн сүмийн архивт 1720-иод оны сүүлчээр хятад хэлнээс монголчлон орчуулж, худам үсгээр бичсэн хувь хадгалагдаж байдаг.    
 
Чингис хаан өрнө зүгт хийсэн их аян дайнаасаа буцаж ирэх зам зуураа өнөөгийн Афганистаны нутагт 1223 онд өвөлжиж байхад нь Чанчунь бомбо их хааны зарлигаар угтан очиж уулзан, ертөнцийн жам ёс хийгээд төрийн хэргийг номын ёсоор залах арга ухааныг ухуулан таниулж, улмаар хан хөвгүүд, ач нарт нь ном сургаал айлдсан билээ. 
 
Сүмийн гол тахилын дуган дотор гурван талын ханаар дүүргэн энэ алс холын аяны үйл явдлыг дүрслэн үзүүлсэн дэлгэмэл үзүүлэн/панорам/ буйн дээр голд нь Чанчунь бомбыг чандарлан оршоосон том хүрэл бумба, гадна талын арын хананд байх аяллын маршрут бүхий том газрын зураг зэрэг нь сонирхолтой үзмэрүүд юм. Сүмийн хашаан дотор үлгэр домгийн амьтны хүрэл цутгамал баримал байх агаад түүнийг монголчууд Чанчунь бомбын эрдэнийн хүлэг гэх нь бий. Сүмийг үзэн, мөргөл тахилга үйлдэж яваа хүн хөл гар, бие эрхтний хаана өвчин хуучтай бол, энэ эрдэнийн хүлгийн мөн тэр газарт хүрч хүслээ шивэгнэн хэлэхэд өвчин хууч нь эдгэн илааршдаг гэсэн домнох сэтгэлийн бэлгэдэл заншил бий.
 
1219 оны 5 дугаар сард Бээжингээс цааш орших Шаньдун нутгийн гүнээс эхэлсэн энэ түүхт аялал Хойд Хятад, Монгол орон, Дундад Азийн олон газар орноор дамжин бүтэн гурван жил үргэлжилж, 1223 оны хавар Бээжинд буцаж ирснээр өндөрлөсөн энэ аялалд багшийгаа дагалдан хамт явсан шавь Ли Жичан гэгч нь аяллын туршид бичиж тэмдэглэж явсан бүхнээ хожим нь эмхэтгэн нэгтгэж, энэхүү “Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх бүтээл мэндэлсэн болой.
 
 
 
Бээжин хот дахь Бай-юньгуан хэмээх Цагаан үүлийн сүм
 
 
Энэ түүхэн үйл явдлыг товчоор үнэлэн дүгнэхэд: Нэгдүгээрт, Чингис хаантай уулзахаар Монгол хийгээд Дундад Азийн орнуудаар аялан жуулчилсан Чанчунь бомбын эл хэрэг явдал бол өрнөдийн Марко Поло, Плано Карпини, Гильом де Рубрук, хятадын Пэн Даяа, Сюй Тин зэрэг олон нэрд гарсан аялагч жуулчид, элч төлөөлөгчдийн хэрэг явдлаас өмнө, хамгийн түрүүнд болсноороо түүхэн үнэ цэн, ач холбогдлоороо зүйрлэшгүй юм. Хоёрдугаарт, Чанчунь бомбо нь Монголын хэмээх тодотголтой дэлхийн эзэнт гүрнийг үндэслэгч агуу их Чингис хаантай биечлэн уулзаж, дэлхийн хэрэг явдал, төрийн бодлого үйлийг хэлэлцэн зөвлөж явснаараа түүхэн их хувь заяаны эзэн болсон онцгой үйл явдал байсан.
 
Гуравдугаарт, Чингис хаанаас Чанчунь бомбыг урьж залсан заллагын захидал бол бодит баримт бичиг мөн бөгөөд Чингис хааны үзэл бодол, үйл хэргийг тусган үлдээсэн чухал ач холбогдол бүхий түүхэн үнэт өв дурсгал мөн. Өнөөдөр уг захидлын эх бичиг байхгүй ч түүнээс хуулбарлан чулуун дээр сийлэн бичсэн хувь хадгалагдан өнөөг хүрч ирсний дээр Бээжин хотын Чанчунь бомбын сүм дэх түүний  хувь хуулбар, мөн уг захидлын дундад зууны үеийн худам монгол орчуулга зэрэг баримт бичиг судалгааны чухал эх сурвалж, судлагдахуун болж байна.
 
Чанчунь бомбо бол бомбын ёсны их арш хутагт төдийгүй ихэд гэгээрсэн номч мэргэн хүн байсан агаад аяллынхаа явцад үзэж харснаа шүлэглэн тэмдэглэж үлдээсэн нь өнөөдөр тухайн цаг үеийн түүхэн үйл явдлыг судлан тодотгоход төдийгүй утга зохиол, яруу найргийн талаас нь ч анхааран судлууштай чухал судлагдахуун болж байна. Түүний бичсэн зарим сэтгэгдэл шүлгээс одоо үзье:
 
                        Эртнээс янагш умард орныг хүйтэн хэмээх нь үнэн,
 
                        Элсэн говьд гуравдугаар сард мөс үл хайлна.
 
                        Эгэл цэргийг эрсүгэй хэмээвээс гагц шар тогоруу л чадна.
 
                        Энэ нь таюунга загасыг хангарьд болгохтой адил аа.
 
 
 
                        Умарш цөлөгдсөн Сү Ү жанжин гансрахдаа үхлийг хүсч,
 
                        Өмнөш зүтгэсэн Ли Лин жанжин энд шингэсэн билээ.
 
                        Өдгөө Лу Ао-гийн зоригийг үлгэр дууриал болгомуй,
 
                        Эсгий туургат хоосон сүмийн эрхэмсэг нь хосгүй.
 
х                      х                      х
 
                        Саруул уудам тал зах хязгааргүй үргэлжлэн,
 
                        Салхи үлээн, униар суунаглаж, гол мөрөн мяралзана.
 
                        Эд үүдэж орчлон бүтсэн нь юутай уран гайхамшиг,
 
                        Энэ газар амьдрал эгэл, адуу, үхэр малламуй.
 
 
 
                        Мах идэж, ноос өмсөх нь эртний заншил хэвээр,
 
                        Малгай гөхөл, гэзэг үс нь дотор газраас өөр.
 
                        Эрдэмтэн мэргэд утга соёлыг хүргэж эс чадсан,
 
                        Эртнээс монголчууд эрх чөлөөг л эрхэмлэмүй.
 
 х                      х                   х
 
                        Алтайн уулс сүмбэрлэн сэхүйж, номин үүлнээ шургаруун,
 
                        Амсхийн зугаацахуйяа тэнгэрийн тахилыг амтархах мэт.
 
                        Шөнийн гүнд эсгий гэрт дэр налан хэвтэхүйеэ
 
                        Шүхэрлэх үүлт өндөр уулсаас чонын дуун сонсдоно.
 
 
 
                        Алтайн уулсын өмнө хормойгоор ус баруунш урсаад
 
                        Аглаг уулсад айлчилсан түмэн газрын намар.
 
                        Үзмэн сарны тунамал гэрэл зүүн уулнаас мандахуйяа
 
                        Охьюу өнгөт шүхэр, усан болрыг хүлхэх мэт ээ.
 
 
 
                        Алтайн уулсын түмэн завьяа хүнгэнэх дуун тод,
 
                        Уулын агаар цэвэр ариун, шөнийн тэнгэр цэлмэг.
 
                        Төө биеийг илбэн гийгүүлэх тэргэл гэрэл илгээгч
 
                        Тэнгэрийн заадал, тунгалаг саранг нэн ч хайрламуй.          
 
Шүлэгт гарч буй нэрс бүгд түүхт хүмүүс агаад Сү Ү гэгч нь хоёр мянган тэртээх нангиадын Хан улсын их цэргийн жанжин агаад Хүннүд олзлогдон умарш Байгаль нуурын хөвөөнд цөлөгдөн 17 жил суусан бол Ли Лин гэгч нь Хүннүд ялагдахдаа урваж дагаар орсон аанай л их цэргийн жанжин байсан болой. 
 
Чанчунь бомбо Монголын нутгаар явахдаа эртний их Хүн гүрний газар нутгаар яваагаа онцгойлон үзэж, түүх мэддэг хүний хувьд тэр тухай шүлэг тэрлэж явжээ. Мөн дурдагдаж буй “чонын дуун” гэсэн үгийн оронд уг нь “бичний дуун” гэсэн үг бий. Гэвч Алтайн уулсад бич хаанаас байх аж, чонын улих дуун халуун дулаан оронд амьдардаг бичний дуун адил санагдсан буй заа. Хүн аливааг мэддэг юмаараа л төсөөлдөг билээ.
 
Чингис хаан Чанчунь бомбыг буцахад нь санал хүсэл байвал хэлэгтүн! хэмээхэд Бээжин хотын Теньчан сүм хэмээн нэрлэж асан энэ сүмийг өөрт нь соёрхохыг хүсч, үлэх насаа тэнд бясалган сууж өнгөрөөх хүсэлтэй байгаагаа хэлжээ. 1224 оны 5 дугаар сард Чингис хаанаас Чанчунь бомбод соёрхон илгээсэн зарлигийн захидалд хаан бээр бомбын хүсэлтийг гүйцэлдүүлж, “Хойд тэнгисийн Цюнхуадао арлыг Түмэн амгалант арал хэмээн нэрийдэж, Теньчан сүмийг хутагт аршид соёрхон өргөөд урьдын нэрийг нь халж, Чанчунь аршийн ордон сүм хэмээн нэрлэж, гүр улс даяар эл зарлигийг тунхаглан мэдүүлсүгэй!“ гэсэн байдаг. 
 
Улмаар тэндээ Тэнгэрийн доорхи орны(Хятад орон гэсэн үг) бүх бомбын шашны үйл хэргийг эрхлэн суухыг соёрхож, энэ зарлиг тушаалыг батламжлан гэрчилсэн барсын толгойт алтан гэрэгэ олгосон түүхтэй. Хойд тэнгисийн Цюнхуадао хэмээх нь хожим Хубилай хаан гүрний их нийслэлийг Хархорумаас Бээжинд шилжүүлээд ордлон суусан тэр арал буюу өнөөгийн Бээжин хотын төвд агч Бэйхай хэмээх цэцэрлэгт хүрээлэн мөн. Тэнд буй хиймэл нуур, эргэн тойрон нь ба нуурын дунд агч бяцхан арал дээр тухайн үед Монголын их гүрний хаант төрийн албан байгууллагууд, хаад, хатад, ханхүү, гүнж зэрэг дээдсийн орд харш оршиж байжээ.
 
 
Чанчунь бомбын сэрэг дүр
 
Энэ түүхэн том үйл явдлыг бид судалж, сэргээн тодотгож, монгол хүн бүрт хүргэж байх ёстой. Бид эл үйл явдлыг ерөнхийд нь мэддэг. Харин нарийн ширийн олон зүйлийг нь тэр бүр мэдэхгүй. Тухайлбал Чанчунь бомбо, их хааны заллагаар тийн хүрэлцэн очиж, 8 сарын туршид дэргэд нь байж, олон үндэстэн дамнасан их гүрний төрийг хэрхэн жолоодох болоод төрсөн биеийг хэрхэн засах тухай сургаж зөвлөж байсан. Төрт ёсны эртний уламжлалтай нангиадын ухаант мэргэний номлол сургааль хэрэгтэй байсан байж таарна. Бас биеийг хэрхэн засч сувилах тухай хэрэгтэй зүйл ихийг номлосон байдаг.
 
Ийнхүү их хаанд хэдэн сарын турш сургаал айлдахдаа тэрээр хоёр зүйлийг онцгойлон зөвлөсөн аж. Түүний нэг нь олон жил ужгирсан үргэлжийн их дайн байлдааныг зогсоох, өндөр насны энэ үедээ биеийг сувилж гамнах тухай байжээ. Үүнийгээ хоёр тохиолдлоор дулдууйдан тайлбарласан юм. Нэг нь их хаантныг алс өрнө этгээдэд их аян дайн хийж явахад гэнэт үзэгдсэн гөрөөсийг тэнгэр бурхны элч хэмээн хэлж, энэ их дайн дажнаа төгсгөх цаг болсныг хэлж байна хэмээн итгүүлсэн явдал. Нөгөөх нь их хаан бээр ав гөрөө хийж яваад зэрлэг бодонд дайруулж мориноосоо унахад бодон гахай хаантанд халдалгүй дутааж одсоныг аанай л тэнгэр бурхан хаантныг ав гөрөөгөө багасгаж, биеэ бодож болгоомж сэрэмжтэй байхыг сануулсан хэрэг гэж тайлж ятгасан байдаг. Энд тэр бүхнээс нэг хэсгийг иш татсу:
 
“...Сүлд хэмээгч нь хөвгүүн, хий хэмээгч нь эх буюу. Хий бол хүмүний биеэр гүйж байгаа шим төгөлдөр охь бодис мөн. Үлгэрлэвээс хийн бөмбөлөг нь дүүрэн бөгөөс цул болмуй. Хий нь гарваас эмгэг болмуй. Хүмүний бие гэгч хийгээр амин гол болгомуй.
 
Хий нь нүдээр гүйвээс нулимс болмуй, хамраар гүйвээс нус болмуй, хэлээр гүйвээс шүлс болмуй, арьсаар гүйвээс хөлс болмуй, судсаар гүйвээс цус болмуй, ясаар гүйвээс чөмөг болмуй, бөөрөөр гүйвээс дусал болмуй. Хий төгөлдөр бол дэгжмүй, хий мөхвөөс үхмүй. Хий бдарвал бие чангарч, хий буурваас бие суларна. Хийг удтал үл сарниулвал эхтэй хөвгүүн адил, хийг сарниулваас эцэг эхээ алдсан хүүхэд мэт болох бөгөөд тийм хүмүн юунд эрэмшин, юуг түших билээ.
 
Сүнс сүлд, хий нь нэгэн цогцод орших ба сун дусал, чөмөг хоёр нь нэг эхтэй бөлгөө. Ялгуусан хаан Та, нэг сар амар сэлүүн байж, унтаж амрах ажааму. Тэгэх ахул эрхгүй цог сүлд бадран, яс шөрмөс чангарах буй заа. Эртний хүмүүс “Мянган өглөө эм уух нь нэг шөнө гагцаар унтахад үл хүрмүй” гэлцдэг байжээ. Эм бол өвсний шим юм. Эм нь чөмгөнд шингэвэл чөмгийг орлоно. Өвсийг биед нэмэрлээд ямар тус байх билээ? Үлгэрлэвээс уутан дотор алт хийгээд удалгүй алтыг авч төмөр хийвэл уут хэдий дүүрэн авч, алт биш, хар төмөр байхтай адил болой. Эм уух нь үүнээс ямар ялгал байх билээ?
 
Биеийг засах ёс нь дөлгөөн найрамдууг эрхэм болгодог. Хэтэрхий хилэгнэвээс сэтгэл гэмтэнэ, хэт баярлаваас сүлд барагдана, хэтэрхий санааширваас хий хорогдоно. Энэ гурав бол Ёсонд маш харш хортой тул цээрлэвээс зохилтой. Хаан таны сүлд бол чухам танаы өөрийнх мөн, бие гэгч хоосон мөн гэдгийг мэдвээс өнгөнд сэтгэл хөдлөх үед бие хоосон, сүлд үнэн гэж сэтгэн, бодлоо өөрөө хянан хурааж байгтун.
 
Хүмүн төрөөд насан хутгийг олох нь хялбар бус, араатан, жигүүртэн жил бүр өсч үрживч удалгүй зуурдаар үгүй болохтой адил юм аа. Хүмүн төрөөд идэр нас, өтөл насанд хүрэгсэд цөөн, нялх бага хүүхэд ч бас ийм ажгуу. Тиймээс хорь гучин насыг бага хутаг хэмээмүй, дөч тавин насыг дунд хутаг хэмээмүй, жар далан насыг өндөр хутаг хэмээмүй. Ялгуусан хаан Таны нас сүүдэр нэгэнт өндөр хутагт хүрчээ. Тиймийн тул өдгөө Та эрдмийг тэтгэн биеийг асарч урт наслахыг хичээвээс зохилтой...”
 
Чингис хаан төрийн их үйлийг залж жолоодох хийгээд төрсөн биеийг асарч сувилах энэ мэт номлол сургаалуудыг шадар дэргэдийнхээ хүмүүстэй хамт сонсоод “Хутагт аршийн айлдсан бүхнийг хөх дэвтэрт оршоож хадгалагтун! Би биеэр шүүн үзэмз. Гүн нарийн утгыг үл ухах зүйл гарах аваас Хутагт аршийг дахин залж лавласугай!” хэмээсэн байдаг. Эндээс бид олон зүйлийг олж мэдэж, бас төсөөлөн таамаглаж болно. Юуны өмнө их хааны хэлсэн энэ үгээс түүнийг бичиг үсэг мэддэг байсан уу? гэсэн асуулт урган гарч, эрдэмтэн судлаачдыг талцуулдаг. Тийм ч байж болох, үгүй ч байж болох. “Би биеэр шүүн үзэмз” гэсэн энэ өгүүлбэр нотлох утга ч агуулж байна, бас үл агуулж ч байна. Нотлох нь гэвэл “би өөрөө үзнэ” гэсэн үг. Харин үгүйсгэе гэвэл дэлхийн хагасыг эрхшээсэн их хаан шадар дэргэдийн бараа бологчдоороо дуудуулж уншуулдаг байсан гэж гөрдөж болох. Түүний дэргэд Елүй Чуцай зэрэг эрдэм төгс бичгийн мэргэн сайд нар байсан агаад чухам тэрбээр Чанчунь бомбод илгээсэн Чингис хааны захидлын эхийг төлөвлөн бичсэн юм.
 
Цаашилвал, “хөх дэвтэр” гэдэг үг. Хятадад саяхныг хүртэл, тодруулбал өнгөрсөн зууны тавиад оныг хүртэл бичиг номыг муутуу цаасан дээр барлан хэвлэж хөх даавуугаар хавтасладаг байсан. Энэ уламжлал хэзээнээс эхтэй вэ? Мөхөс миний бодоход, магад монголчуудын эрхшээсэн XIII зуунаас эхтэй баймаар. Үүнийг хэд хэдэн зүйлээр нотолж болох мэт. Нэгд, хөх гэдэг өнгө бол монголчуудын өнгө юм. Ямарч гэсэн Хөх Монгол хэмээх энэ нэр тэр үеэс ихэд түгж хэрэглэгдэх болсон. Хубилай хаан өмнөд Хятад буюу Сүн төрт улсыг бүрэн эзэлж аваад тэнд урсдаг Чанзян хэмээх их мөрнийг Хөх мөрөн хэмээн нэрийдсэн нь угтаа бол “Монгол мөрөн” гэсэн алдар цол хайрласан хэрэг. Урьд нь зүгээр л Урт гол, Урт мөрөн гэдэг байжээ. Хожмын Юань гүрний монгол хаадыг бичиг номонд “Хөх луу” хэмээн ёгт нэрээр нэрлэдэг байсны луу хэмээх нь хааны бэлгэдэл, хөх хэмээх нь монгол гэсэн илэрхийлэл болой.
 
Түүнчлэн Монголын ноёрхлын үед хятадын шаазан урлалд шинэчлэл болсон нэг зүйл бол хөх өнгөт шаазан эдлэл билээ. Мөн үеэс цагаан Солонгос, хар Түвд, улаан Хятад, шар Сартуул, хөх Монгол хэмээн өнгөөр бэлгэдэж ирсэн. Энэ бүхнээс үзэхэд хөх өнгө бол монголчуудын бэлгэдэл өнгө юм. Францын түүхч, зохиолч Леон Кунегийн “Хөх Монголын хөх туг” хэмээх түүхэн зохиолыг алдарт эрдэмтэн Ж.Цэвээн өнгөрсөн зууны гучаад оны үест монголчлон бидэнд хүргэсэн билээ.
 
Ер нь бид эртний юм ярихаар л бүр балар эрт цагийн, харанхуй бүдүүлэг, биднээс тэс өөр хүмүүс байсан мэтээр ойлгож хүлээж авдаг алдас бий. Уг нь найман зууны тэртээх цаг үе, тэр үеийн хүн ард, дэлхий дахины төрх байдал өнөөгийн биднээс нэг их хол биш, айхтар ялгаа зөрүү ч бага юм. 
 
Өнгөрсөн түүх, өнгөрсөн цаг үе гэхээр л тэгж хандаж, өөрсдийнхөө энэ цаг үеийг л хөгжлийн дээд, оргил туйлд хүрчихсэн мэт үзэж эндүүрдэг. Тэгвэл XIII зууны үед дэлхий дахинд шинжлэх ухаан бий болоогүй, техник төдийлөн хөгжөөгүй л байсан болохоос бусад талаараа хүний нийгэм өнөөгийнхөөс бүдүүлэг харанхуй байгаагүй, соёл, урлаг, гар урлал, анагаах ухаан, шашин хэдийн хөгжиж өндөр түвшинд хүрээд байсан юм. Тийм учраас Чингис хааны үед хүмүүсийн эдэлж хэрэглэж асан эд зүйлс, хоол унд, хувцас өмсгөл өнөөгийнхөөс илүү гардаггүй юм аа гэхэд хол дутуу байгаагүй. 
 
Тэр тусмаа дэлхийн хагасыг эрхшээсэн их хааны эдэлж хэрэглэж, өмсөж зүүж, идэж ууж байсан бүхэн дээдийн дээд, сайны сайн байсан байж таарна. Тэр үед дорно зүгт хятад хоол унд өнөөгийнх шигээ амт шимт, хачир хужраараа ялгарч, “чамин” эд бараа нүд эрээлжлэм алаглаж байсны дээр Дундад Ази, Европ өрнө зүгийн  эд зүйлс ч их хааны орд өргөөнд хангалттай ихээр цутгалан ирдэг байсан нь лавтай.
 
Энэ ялдар өөр нэгэн зүйлийг дурдахад, энэ түүхт уулзалтын үеэр Чингис хааны есөн өрлөгийн нэг Чу мэргэн хэмээн алдаршсан Зүрчидийн Елүй Чуцай хамт байж бүгдийг харж, мэдэж байсан бөгөөд энэ тухайгаа өөрийн “Өрнө зүгт аялсан шасдир” хэмээх тэмдэглэлдээ бичиж үлдээжээ. Елүй Чуцайн эл тэмдэглэл түүхэн үнэ цэнтэй юм. Энэ үед болсон өөр нэг чухаг түүхэн үйл явдлаас үүдэн “Бурхангүй газар Бомбо галзуурна” гэдэг хэлц үг гарчээ. Аливаа хэлний үг бүхэн өөрийн настай байдаг. “Үгийн өвгөн утгын таяг тулмой” гэсэн монгол мэргэдийн эртний сайхан хэлц үг чухам үүнийг хэлсэн болой. Гэвч энэ удаад азнаж, дараа дахин өгүүлсү.
 
 
Хоёр их хүний уулзалтыг дүрсэлсэн цогцолборын хэсэг
 
Энд өгүүлэн буй хоёр түүхэн чухал судрыг миний бие өөрийн шавь Ц.Ганбаатар агсны хамтаар орчуулж 2010 онд цөөн хувь хэвлүүлсэн юм. Одоо худалдаанд байхгүй болсон ч, дахин хэвлүүлж чадахгүй л байна даа.
 
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
 
Хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР