sonin.mn
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд МАХН өөрийн байрандаа золголт зохион байгуулжээ.
 
Өмнөх өдөр нь буюу битүүний бөхийн барилдааны үеэр Бөхийн Өргөөний хүндэтгэлийн асарт очин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хөөрөг зөрүүлэн золгож байсан Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ үеэр Монголын Ногоон Намын удирдлагуудыг урьсан байлаа.
 
Золголт эхлэх үед ийн урьсны шалтгаан тайлагдаж, МАХН МНН УИХ-ын 2016 оны сонгуульд хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурсан юм. Монголын Ногоон Нам нь 1990 онд байгуулагдсан анхны улс төрийн намуудын нэг тул дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал нь №3-т бичигддэг.
 
Иймээс МАХН, МНН-ын шинээр байгуулагдаж буй эвсэл саналын хуудасны 3-т бичигдэнэ гэсэн үг. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН, МАХН эвсэхгүй нь тодорхой болсон төдийгүй АН ч МАН-ын саналын хуваалгах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх сонирхолгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ удаад зөвхөн өөрийн хүчээр  намынхаа УИХ-ын сонгуульд оролцох санхүүжилт, зохион байгуулалтын асуудлаа шийдэхээс өөр аргагүй болсон бололтой.
 
П.Мандах