sonin.mn

2004 оны намар яруу найрагч Б.Бүргэдтэй уулзсан юм. Нийгмийн ухааны дээд сургуулийн оюутан түүнийг би Өвөрмонгол гэж бодсон, тийм биш байж.

-Дээд Монголоос ирсэн гэхэд нь би:

-Юу, Хятадад байдаг биз дээ. Айраг гэж мэдэх үү? гэвэл

Б.Бүргэд хөхөрч:
-Монгол гээд байхад чинь дээ. Таван хошуу мал, идээ цагаа цөм бүрэн. Танайхны хөдөөгийн аж амьдрал, нүүдэлчин уламжлал төгс утгаараа хаана байна вэ, Дээд Монголд л байна. Энэ уулзалтын дараа би Дээд монголчуудын талаар цөөн боловч тодорхой мэдээлэл цуглууллаа. Зарим судлаач, эрдэмтдийн ном, бүтээлд дурдагдсаныг эс тооцвол Дээд монголчуудын тухай мэдээлэл тун бага, ийм нэртэй, монголоор ярьж, бичдэг бидний төрөл садан монголчууд байдгийг мартах шахсан нь харамсалтай.

Дээд монголчуудыг Түвд буюу Шинжааны уйгарууд, бүр цаашилбал хятадууд гэх ташаа ойлголт байдаг нь 1960-аад оноос хүчтэй халхавч болсон үзэл суртлын сүүдэрт дарагдсан нь тэр л дээ. Бидний үед хэвлэгдсэн “Хөх нуурын монголчууд”, “Таван цайдамын монголчууд”, “Цастын монголчууд” зэрэг цөөн номонд Дээд монголчуудын тухай охорхон бичигдсэн, ойлголт төдий мэдээлэл нийтийн дунд байсан юм. Түүнчлэн Н.М.Пржевальскийн “Монгол ба Тангад", И.Амгалангийн “Цастын орноор аялж, цайдамын монголд саатсан нь" зэрэгт дээд монголчуудын тухай сонирхолтой бичигдэн үлджээ.

Монголын сэхээтэн, зохиолчид, үндэсний үзэлт эх орончид Дээд монголчуудын талаар дуугүй байсангүй. Б.Ринчиний “Үүрийн туяа”, Ж.Пүрэвийн “Манан будан”, Л.Түдэвийн “Оройгүй сүм”, Ц.Чойдандарын “Цастын мөнх зул” роман, номуудад Дээд монголын тухай, ялангуяа тэндхийн газар, усны нэрс олонтаа дурдагддаг.

Дэлхийн бөмбөрцөгийн гуравдугаар туйл өндөрлөгт аж төрөгч монголчууд нь БНХАУ- ын баруун хойд хязгаар дахь томоохон нутаг дэвсгэр бүхий Хөхнуур, Ганьсу хэмээгдэх хоёр мужид олон үндэстэн, угсаатантай холилдон оршдог.

Дээд монголчуудын нийслэл буюу төв хот нь Дэлхий хот аж. Дээд монголчууд голдуу мал аж ахуй эрхэлдэг. Зуугаад мянган хүн амтай, 721 мянган хавтгай дөрвөлжин км нутагт тархан суурьшсан. Дээд монголчуудын бага, дунд сургуульд монгол хэлээс гадна хятад, англи хэлээр орчин үеийн сургалт явагддаг. “Цэцэгт цайдам”, “Цайдамын сонин”, “Голын эхэн”, “Гуравдугаар туйл”, “Хайшигийн радио телевизийн хороо” зэрэг монгол хэл, монгол бичгээр хэвлэгддэг, яригддаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй.

Урлаг, соёлоор дамжуулан үндэсний хэл, өв уламжлалаа гайхалтай хадгалан авч үлдсэн монгол туургатны нэгээхэн хэсэг. Дээд монголчуудын талаар зөрүүтэй мэдээлэл ч их тархжээ. Том үндэстний дотор аж төрдөг бага үндэстний зовлон бэрхшээл бол уусаж нэгдэхгүй байх. Үүний тулд үндэстний хэл, өв соёлоо эрхэмлэн дээдлэх үндэсний үзэл юм. Ил гаргадаггүй ч элэг зүрхний угт . ямагт бадамлан зоригжуулагч үндэсний үзэл л Дээд монголчуудын өнөө хүртэл оршин тогтнохын тэнхлэг болжээ. Дээд монголчуудын түүх, уламжлалын талаар дэл сул яриа, таамаг төсөөллөөр бус бодит мэдээлэл түгээх үүднээс Дээд монголчуудын үндэсний залуу сэхээтэн, яруу найрагч Б.Бүргэдтэй хөөрөлдсөн тэмдэглэлээс уншигчдад хүргэе!

Дээд монголчуудын нутаг буюу Хөхнуур, Түвдийн өндөрлөг хавьцаа монгол үндэстнүүд нүүдэллэн нутаглаж ирсэн үе нийтийн тооллоос ч өмнө байсан гэдэг баримт мэр сэр олддог. Чингис хааны үеэс монгол цэргүүд удаа дараагаар Хөхнуур, Түвдийн өндөрлөгт довтлон орж, нүүж, сууж байсан гэдэг. Үүний тод жишээ гэвээс Дээд монголчуудын дотор халх, хонхэрэйд, цорос, торгууд, дөрвөд, өөлд, хойд, монгол ястнууд бий. Цаг үеийн эрсдэл, соёл боловсролын хоцрогдолоос шалтгаалан энэ бүхнийг товчоолон үлдээсэн нь ховор. Гэвч ард түмний зүрх сэтгэлийн үг үрээс үрд дамжин бидний үед ирсэн нь бахархал.

Дээд монголчууд өөрсдийгөө Хавт хасарын үр хойчис, хошууд овогтон гэдэг. Ингэж нэрийддэгийн учир нь Хавт Хасарын арван есдүгээр үеийн үр удам болох гэгээн Гүүш 1637 онд Хөхнуур, Түвдийн өндөрлөгийг байлдан дагуулж, Түвд, Монголыг хамтатгасан Хошууд хаант улс байгуулж, 80 шахам жил ноёрхон захирч, нэр төрөө мандуулж байжээ. Түүнээс хойш 370 гаруй жилийн туршид түүний угсаа залгасан үр удам, Дээд монголчууд газар нутаг, хэл, соёл, аж амьдралаа өвлөн хамгаалж, уламжлан хадгалсаар ирсэн билээ. Хошууд аймгийн ахлагч гэгээн Гүүш /1582-1655/ бол монгол үндэстний түүхэн дэх нэр төртэй удирдагчийн нэг юм.

Нэр нь Төрбайх юм. Чингис хааны дүү хавт Хасарын 19 дүгээр үеийн хойчис Гүүш хааны өвөө нь Бүүвэй Марзи, эцэг нь Ханай ноён зургаан хүүтэй. Ууган нь Хайниг Тушаат, удаах хөвгүүд нь Байвгас, Хөндлөн Увиш, Төрбайх, Саран Хаданбаатар, Буяа Отгон гэдэг. Үе удмаараа Ойрадын хаад болжээ. Хошууд аймаг бол хавт Хасарын долдугаар үе болох Ах сахалтай ноён Араг Төмөр, Өрөг Төмөр гэх хоёр хүүтэй байсан. Ах сахалтай ноён нас барсны дараа хоёр хүү нь өмч хөрөнгө, албат хошуугаа булаацалдан эе эвдрэлцжээ.

Ах Араг төмөр нь эцгийнхээ орыг залгамжилж, дүүдээ өмч хөрөнгө хуваахдаа хошуу болгоноос ядуу доройг нь ялган өгчээ. Өрөг төмөр гомдохдоо өгсөн албатаа аваад /1460-аад он/ Тэнгэр уулыг зорин нүүдэллэж Ойрадын Тогоон тайшийг түшихээр очжээ. Чингис хааны алтан урагтан болох Өрөг төмөрийг Ойрадын Тогоон тайш ихэд таашааж охиноо өгч, хот хотлоор мал сүрэг болон албат нэмэн өгчээ. Хошуу болгоноос цугларч ирсэн албат болохоор Хошууд аймаг гэж нэрлээд Дөрвөн Ойрадын холбоонд оруулжээ. Ойрад дотооддоо задарч, сөргөлдөөн үргэлжилж байсан ч хошууд аймаг энэхүү хагарал задралыг эсэргүүцэж дотоодын нягтралыг чухалчилж байлаа.

ХҮI зууны эхэн үе, ялангуяа Өрөг төмөрийн есдүгээр үеийн ач Бүүвэй Марзи ноёны үе болох хошуудууд харь дайсантай эрэлхэг тэмцэлдэж, дөрвөн Ойрадын эвлэрлийг бэхжүүлэхээр тэмцсэнээр байр суурь нь улам дээшилж, аажмаар хошууд аймаг нь дөрвөн Ойрадын холбооноо түрүү болжээ. Бүүвэй Марзийн хүү Ханай ноён бол хошууд аймгийн ноён төдийгүй дөрвөн Ойрадын түрүү байжээ. Түүний хөвгүүд таван барсын ах Байвгас эцгээ залгамжилж, дөрвөн Ойрадын түрүү болж байгаад ХҮII зууны 30-аад онд нас барж Гүүш хаан суурийг нь залгамжлах болжээ.

Гэгээн Гүүш 1595 онд 13 настайдаа цэрэг дайчлан цагаан малгайтныг дараад, Тэнгэр уулын ар, өвөр, Алтайн нуруу, Эрчис голын хавиас Үрэмч, Баркул хүртэл өргөн уудам нутагтай, Ойрадын дотор нэр төр нь мандахаар барахгүй алс тэртээ Хөхнуур, Түвдийн өндөрлөг дэх түвдүүдэд ч нэр нөлөөтэй болжээ. 1607 онд Ойрадын түрүү Ханай ноён нас барж Халх, Ойрадын хооронд үл ойлголцох мэтгэлцэл гарч, энэхүү мөргөлдөөнийг эвсүүлэхээр гэгээн Гүүш биеэр Халхад очиж, эв зүйг нь олгож ойлголцуулаад халх, ойрад хоёр талын хүндэтгэлийг олж “Их улсын багш” хэмээх цол хүртээд Гүүш гэж алдаршжээ.

1616 оноос Ойрадын ноёд шарын шашныг шүтэх болж “Лхас” очиж мөргөл хийх, үр хүүхэддээ ном сургахаар очуулах зэргээр шарын шашинтай аажим аажмаар ойртож, шарын шашны дээд давхаргатантай харилцаатай болж байлаа. Тухайн үед Ойрадын аж ахуй хөгжиж бэлчээр нутгийн өргөтгөл хийх шаардлагатай болж, Ойрадын ноёдын хооронд зөрчил, мөргөлдөөн ширүүсч эхэллээ. Ингэхэд хэзээнээс эв нэгдлийг баримталсаар ирсэн Гүүш хаан 1625 оноос аймгаа дагуулж баруун тийш нүүдэллэн Колком мөрний урсгал дагуу олноор нутаглаж, 1634 онд Зүүнгар аймгийн Баатар хун тайжтай хамтран Хасагийг дайлах дайнд мордоод ялалт олжээ. 1632-1636 оны хооронд Эрчис мөрний салбар Довор голын дагуу шилжиж, угийн бэлчээр нутагтаа дөхөж ирсэн боловч  шинэ бэлчээр нутаг эрэлхийлэх цаг мөч байлаа.

Удсангүй баруун Түвдэдулаан, шарын шашинтнууд зөрчилдөж, шарын шашинтнууд ялагдаж, тэргүүн нь аль эртээс хүчин чадал, нэр төрийг нь мэдэх хошууд аймгийн түрүү гэгээн Гүүшид элч илгээж туслалцаа гуйсанд дөрвөн Ойрадын дотор байр суурь, хүчин чадлаараа тэргүүлж байсан түүнд аз таарч, 1636 оны өвөл Баатар хунтайжийн хамт Ойрадын холбоот торгон цэргийг дайчилж, хошууд аймгаар гол хүчин болгож, Зүүнгар аймгаар зүүн гар, Торгууд аймгаар баруун гар болгон хойноос нь дөрвөд, хойд аймгийн цэргийг томилж, цас мөстэй улирлыг ашиглан Хөхнуур, Түвдийн өндөрлөгийг дайлаар морджээ.

1637-1639 оны хооронд Хөхнуур, Бигэрээ, Цан орнууд дахь улааны шашинтнуудыг бүрэн устгаж, Түвдийн Иу, Цан, Хам гурван аймгийг нэгтгэн авчээ. 1639 оны хавар Баатар хунтайж цэргээ аван Ойрад руугаа буцахад гэгээн Гүүш “Шоргоолжин мэт олон тангад дотор би ганцаар яаж суух вэ. Та нар хариад миний албат бас нөхөд болох улсыг илгээгтүн” гэж захижээ. Хунтайж харьж хүрээд гэгээн Гүүшийн захиа ёсоор хошуудын Хөндлөн Увишийг албаттай нь, мэргэн Жуунанг албаттай нь, хунтайжийн хөвгүүн өнчин Сэцэн зэрэг хүмүүсийг илгээжээ.

1642 оны өвөл гэгээн Гүүш түвд, монголын хаан сууж, Хошууд хаан төрөө байгуулжээ. Үүнээс хойш түүний үе залгамжлагчид 75 жил хаан ширээнд сууж Хөхнуур, Түвдийн өндөрлөгийг нэгдэлтэй захирч, өндөрлөг дэх монголчуудаа Дээд монгол хэмээн нэрийдсээр эдүгээ хүрчээ. Гэгээн Гүүш хаан Түвдийн өндөрлөгт Хошууд хаант төрөө байгуулснаас хойш 1654 онд таалал төгсөх хүртлээ Хөхнуур, Түвдийн өндөрлөгийг нэгтгэн захирч, Мин улсын сүүлчээс хойших Хөхнуур, Түвдийн өндөрлөг дэх самуун дайныг зогсоож, амар тайвныг буй болгосон байна.

Монгол, түвд үндэстний улс төр, аж ахуйн болон соёлын харилцааг сайжруулж, халх ойрад, Хөхнуурын монгол ба түвд үндэстний улс төрийн харьцааг чангатгаж, олон үндэстнийг нэгтгэсэн зэрэг гавьяа зүтгэл гаргасан өнөөдрийн Дээд монголчуудын 370 жилийн түүхийг дуулж ирэх гүүр шат нь болсон гэхэд ахдахгүй байх. 1690 оноос Чин улс Хөхнуур, Түвдийн өндөрлөгийг эзлэх санаагаа хурцалж Энх-Амгалан хаанаас урьдаар дайн байлдаанд эрэлхэг дайчин монголчуудыг эрхшээлдээ оруулахын төлөө хээл хахууль, хов жив, гааль гувчуураас аваад есөн шидийн арга хэрэглэж монгол, түвдийг хооронд нь мөргөлдүүлэхээр барахгүй монголчуудыг хооронд нь өдеөсөөр байгаад 1760 он болоход Хошуудын хаадын эрх мэдэл аажим аажмаар суларч бүхий л Дээд монголчуудын дотоодод эв нэгдэл алдагдах боллоо.

1714 он болоход Монголын хаадад бэйл, бэйс, туслагч, гүн, чин ван гэх мэтээр Чин улсын хараанд орсон нэр зүүлгэж, жижиг эрх мэдэлтнүүдийн эрх мэдэл, шунал хүслийгдэврээжөглөө. 1720 онд Чин улсаас далай лам Галсанжамцыг Түвдэд хүргэх нэрээр Дээд монгол руу цэрэг орууллаа. 1723 онд Гүүш хааны ууган хүү Дашбаатарын хүү Лувсанданзан Цагаан толгой хэмээх газар Хөхнуурын тайж нартай чуулган чуулж, өөрийгөө “Далай хунтайж” (дээд монголчууд “Данзан хунтайж” гэдэг) өргөмжилж, бусад тайж нарыг хуучны монголын дуудлагаа сэргээж, Манж Чингийн цол өргөмжлөлийг хаяж “Дээдсийн хүчирхэг төрөө сэргээн мандуулъя” гэдэг уриан дор Манжийн эсрэг түвд, монгол хорин мянган хүнийг дайчлан байлдсан ч ялагдаж, үлдсэн хэсэг монголчууд нь Манжид бууж өглөө.

1725 оноос Чин улсын төр засаглал Хөхнуур, Түвдийн өндөрлөгт аажмаар хэрэгжиж, хошууд аймгаар голлосон торгууд, цорос, хойд, халх зэрэг таван аймгийг зүүн, баруун гарын 29 хошуу болгон хувааж, дээд монголчуудын засаг захиргаа Манжийн эрхэнд бүрэн орлоо. Манж Чингээс явуулсан “Түвдийг тэтгэж, монголыг хязгаарлах” төрийн бодлогын доор монголын нийгмийн байдал улам тогтворгүйтэж, удаа дараагийн талхидал дээрэмдэл, нутаг орноосоо оргож зугтсанаас хүн амын тоо эрс доошилж, харь дайсантай тэмцэх хүчин мөхөсдөж, ХҮIII зууны сүүлч, XIX зууны эхэн гэхэд газрын аглаг бараадан амьдардаг малчид, сүм хийдэд шавилан буй лам хуврагаас өөр цэргийн хүч, төр засаглал гэж ор мөргүй устлаа.

XX зууны 30, 40-өөд он болоход улаан хасгийн дайн, мабуфангийн дээрэмдлэгээс бараг л үндэс тасарчихаагүй хэдэн монголчууд шинэ Дундад иргэн улс байгуулагдахад ердөө 50 мянган хүн ам үлдсэн байлаа. Дээд монголчууд XX зууны 40, 50-иад он хүртэл Монгол Улстай харьцаа холбоо сайн байж, 1960- аад оны эхээр тэмээн жинчид Да хүрээ явдаг байж. Одоо ч гэсэн Дээд монголчуудын дотор Да хүрээгийн эдлэл хэрэгсэл, хэт хутгаас авахуулаад хуучин эдлэл зөндөө байдаг. 1960-аад оны сүүлч" Соёлын хувьсгалаас хойш Монгол Улстай харьцаа холбоо тасарч 1990-ээд онтой золгосон билээ

Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж: “Соёмбо” сонин