sonin.mn
МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын  холбооны тэргүүн, Төв аймгийн МАХН-ын хорооны дарга О.Буяннэмэхтэй ярилцлаа.
 
-МАХН-ын  дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдахын зэрэгцээ Төв аймгийн намын хорооны даргаар ажилладаг юм байна. Ямар бодлого, чиглэл барьж ажиллаж байна вэ?
 
-Монголын залуучуу­дын дуу хоолой болж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго өвөрлөн байгуулагдсан Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын  холбоо нь намын дэр­гэдэх дөрвөн Төрийн бус байгууллагын нэг. Залуучуудын холбоо нь залуусын эв нэгдлийг хангаж, эх оронч сэтгэл­гээг төлөвшүүлэх, улс төрийн боловсрол олгох, хийж бүтээх, бүтээн байгуулах бололцоог бүрдүүлэх зэрэг олон эрхэм зорилго агуулсан байгууллага юм. Энэ утгаараа үзэл баримтлал нэгтэй МАХН-ын бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллаж ирлээ. Өнөөгийн Монголын залуучуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд МАХН-ын удирдлагууд, УИХ дахь намын бүлэг, Засгийн газрын гишүүдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж, залуусын өмнө тулгарч байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх давуу тал болж өгдөг.
 
Тухайлбал, Төв аймгийн залуус орон нутгийнхаа хөгжлийг тодорхойлоход оролцох, өөрийн дуу хоолойгоо хараахан хүргэж чадахгүй өдий хүрсэн. Манай залууст хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, бүтээлч санаа байгаа. Гэвч ажлын байрны хомсдлоос хамаарч  хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж, ид хийж бүтээх насандаа “ажилгүй” гэсэн  тодотголтой байгаа нь нууц биш. Манай холбоо болон намын зорилго бол залуучуудын дуу хоолойг орон нутгийн удирдлагын түвшинд хүргэж, өөрийн ирээдүйгээ өөрсдийн гараар бүтээх бололцоог нь олгох явдал. Ингэснээр залуус  хөдөлмөрлөх эрхээр хангуулж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэн улс болон аймгийнхаа хөгжлийн түүчээ болж чадна.
 
Төв аймгийн залуус бидний дэвшүүлсэн энэхүү зорилгыг дэмжиж,  бидэнтэй санал бодлоо солилцож, ирээдүйд орон нутгаа өөрсдийн мөрөөдлөөр хөгжүүлье, хийж бүтээе гэсэн олон санал санаачлага гарган бидэнд хандаж, манай намын үйл ажиллагааг дэмжиж идэвхитэй оролцох болсонд баяртай байгаа. Нийгмийн хамгийн идэвхитэй давхаргынхан болсон залуусаас ийм дэмжлэг авч байгаа учир бид сайн ажиллах ёстой. Бид ч залуусынхаа хүсэл зорилгыг харгалзан 2016 оны сонгуульд “Орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө өөрсдөө бүтээцгээе” гэсэн уриатай ажиллаж байна.
 
Төрсөн нутгаа хөгжүүлэх, нутгийн удирдлага,  төрийн захиргааны байгууллагуудад орж ажиллах бололцоог бүрдүүлэхийг зорин залуус бид нэг баг, хамт олон болж ажиллаж байна.  Улмаар хамтдаа тогтвортой хөгжлийн цогц бодлогыг боловсруулан, түүнийгээ хэрэгжүүлснээр “Хөгжлийн хувьсгал” хийж чадна. Ийнхүү нийгмийн бүхий л давхарга, улс орныг хамарсан өргөн хү­рээнд нээлттэй ажиллагаа явуулж чадаж байгаа учраас өнөөдөр манай намыг дэмжих залуучуудын тоо нэмэгдсээр байгаад баяртай байна.
 
-“Хөгжлийн хувьсгал”  залуусын оролцооноос гадна тэдний өмнө тулгамдсан асуудлыг хэрхэн тусгасан бол?
 
-Өнгөрсөн онд МАХН  Монгол Улсын 21 аймгийг хамарсан томоохон бүсчилсэн  зөвлөгөөн хийсэн юм. Зөвлөгөөн  ард иргэдийнхээ санаа бодлыг сонсох, улс орны төдийгүй орон нутгийн өмнө тулгамдсан асуудалтай газар дээр нь танилцах зэрэг үр ашигтай ажил болж өрнөсөн. Баруун бүсийн зөвлөгөөний үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Хөгжлийн хувьсгал” хөтөлбөрийг танилцуулж, улс орны ирээдүйг тодорхойлон гаргасан юм.
 
“Мянганы төмөр зам”, “Улсын чанартай найман хот”, “Орон сууцны тэг түрээс” түүнчлэн оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн асуудал,  чинээлэг дундаж давхаргатай монгол иргэнийг бий болгох зэрэг үндсэн зургаан бүтэц бүхий хөгжлийн зорилгыг дэвшүүлсэн. Энэ зорилго, “Хөгжлийн хувьсгал”-ыг хийхэд мэдээж  залуусын үүрэг оролцоо чухал. Дэлхийд гайхагдах монгол оюун ухаан энэ хувьсгалыг хийх бүрэн боломжтой, одоо цаг нь ирсэн гэж манай залуучууд  дүгнэж байгаа.  МАХН бол хийж бүтээж сурсан, түүнийгээ өөрийн түүх, амжилтаараа батлан харуулсан нам.
 
“Мянганы төмөр зам”-ын бүтээн байгуулалтад залуучууд тэргүүнд явна гэдэгт итгэлтэй байна. Энэ төсөл ажилгүйдлийг бууруулж, улс орноо хэвтээ тэнхлэгээр ган замаар холбоод зогсохгүй, шилдэг олон зуун инженер, чадварлаг боловсон хүчин бэлтгэх учиртай. 
 
Ирээдүйн амьдралын баталгаа болсон дэд бүтцийг шийдвэрлэснээр, улсын чанартай найман хотыг бүтээн байгуулж, хөгжүүлэх бололцоо бүрдэнэ. Мэдээж урьдчилсан суурь нөхцлийг нь бүрдүүлэхгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэрхшээлтэй. Тиймээс нэн түрүүнд өнөөгийн залуусын өмнө хамгийн ихээр тулгамдаж байгаа хүртээмжтэй орон сууцны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.
 
Орон сууцны зээлийн хүүг тооцохдоо урьдчилгаа судалгааг хангалтгүй хийснээс өнөөдөр залуусыг 15-20 жилийн хугацаатай өрийн дарамтанд оруулсан. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг нэн тааламжтай “хөнгөлттэй зээл” гэж залуус бидэнд ойлгуулж, нийгэмд хүлээлт үүсгэсэн. Гэвч төрөөс гаргасан орон сууцны зээлийн бодлого амьдралд нийцэхгүй байгаа нь өнөөдөр тодорхой боллоо. Цалин, зээлийн хүү хоёрын зөрүү их, зээлийн хүүг дэлхийн жишигтэй харьцуулахад харьцангуй өндөр байгаагаас байр авсан иргэн 20 жилийн хугацаанд ядуу амьдрах түлхүүрийг байрынхаа түлхүүртэй хамт авсан. Өнөөдөр сар бүр 750 мянган төгрөг төлөх ёстой гэж үзвэл 670 орчим мянга нь банкны хүү, зээлийн үндсэн төлбөрөөс дөнгөж 80 мянган төгрөг  л хасагдаж байгаа нь харалган бодлого болсон.
 
Иймд МАХН-аас дэвшүүлж буй Хөгжлийн урт хугацааны бодлогод “Орон сууцны тэг түрээс”-ийн асуудлыг хөндөж хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн. Залуу гэр бүл орон сууцтай болж илүү дэвшилтэт, ээлтэй боломжоор хангагдах ёстой, монгол хүн ийм эрхтэй. Бид энэ эрхийг нь тэдэндээ өгнө. Орон сууцны түрээсийг тэг болгож, мөн тодорхой хугацааны дараа орон сууцаа өөрөө эзэмших эрхтэй болно. Энэ бол сонгуулийн амлалт биш төрийн зүгээс ард иргэдээ дэмжих заавал авч хэрэгжүүлэх бодлого байх ёстой. Өөрөөр хэлбэл, залуу гэр бүлд орон сууцаа өмчлөх эрхийг нь төр засгаас шийдэж өгөх боломжтой гэсэн үг юм.
 
-Оюутны сургалтын төлбөр болон эмнэлгийн эмчилгээ-оношилгооны зардлыг  төр 100 хувь дааж  болно гэж “Хөгжлийн хувьсгал”-д тусгажээ. Ямар боломжийг олж харав?
 
-Монголын өнөөгийн дээд боловсролын тогтолцоо төлбөртэйгээр хэрэгждэг. 1990 оноос өмнө   залуучуудынхаа гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцах төлбөрийг төр дааж, улс оронд нэн шаардлагатай нарийн мэргэжил эзэмшүүлж ирсэн.
 
МАХН-аас дэвшүүлж буй хэтийн хөгжлийн бодлогод оюутны сургалтын төлбөр буюу дээд боловсрол эзэмшүүлэх зардлыг төр нь үе шаттайгаар даадаг болох талаар  тусгасан. Энэ бүрэн хэрэгжих боломжтой. Өвөг дээдсээс өвлөж ирсэн эх орон минь баялгийн арвин их нөөцтэй. Энэ их баялгаас бид ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, хөгжлийнхөө үүдийг нээх ёстой. Эх орныхоо баялагт ард түмэн бид эзэн суух цаг нь болсон. Түүнчлэн Үндсэн хуульдаа тунхагласан хэдий ч өнөөдөр зөрчигдөж байгаа эрхээ иргэддээ хангаж өгөх ёстой.
 
Монгол хүн эрүүл байж гэр бүл, үр хүүхэдтэй болох, хөдөлмөрлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй бид түүнийг нь хангаж өгнө. Агаарын бохирдол, Байгалийн тэнцвэрт байдал алдагдсан зэргээс иргэдийн эрүүл мэнд муудаж байгаа нь өнөөдөр хэн бүхэнд харагдаж байгаа. Иргэдээ ийм байдалд хүргэсэн нь төрийн алдаа. Харин бид үүнийг залруулахаар хөтөлбөртөө тусгаж өгсөн. Хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэнд, эмчилгээ-оношилгооны асуудлыг төр хариуцахаар тусгасан. Үүнийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болохыг олон улсын жишиг харуулж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд өөрсдийн иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлыг онцгойлон анхаарч, төр нь төлбөрийг нь бүрэн хариуцах үүргийг хүлээж байна.
 
Энэ бол тухайн улсын иргэд нь эрүүл мэндийн даатгалаа 100 хувь ашиглаж байна гэсэн үг. Өнөөдөр та эрүүл мэндийн даатгалаа 100 хувь ашиглан эмчилгээ, оношилгоо үзлэгт хамрагдаж чадаж байна уу? Тогтолцоо буруу байгаагаас та үгүй гэж хариулна гэдэгт итгэлтэй байна. Бид хөгжлийн хөтөлбөртөө эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгож, эрүүл мэндийн үйлчилгээ, оношилгоог төр нь 100 хувь хариуцдаг байх ёстой хэмээн тусгаж өгсөн. Эрүүл, эрдэм боловсролтой, нийгмийн асуудлаа шийдсэн Монгол хүн өөрөө хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүч болох учиртай.
 
-Танай намын гаргасан  хөгжлийн бодлогод улсын чанартай найман хотыг бий болгоно гэсэн байна?
 
-Улсын чанартай найман хот байгуулснаар төвлөрлийг саармагжуулах боломж бүрдэнэ. Бид улсын чанартай хотыг Ховд, Завхан, Эрдэнэт, Дархан, Хэнтий, Чойбалсан, Чойр, Өвөрхангай гэсэн аймгуудад бий болгохоор төлөвлөсөн. Хот тус бүр 150 мянга болон түүнээс дээш хүн амтай байхаар төлөвлөж, иж бүрэн цогцолбор эмнэлэг,  улсын чанартай их, дээд сургуулиудыг бий болгоно. Мөн хот бүрийг өндөр хөгжсөн үйлдвэрлэлийн зохион байгуулалтад оруулна. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийг нь бүрэн шийдсэн шинэ хотыг бий болгоно гэсэн үг юм. МАХН-аас дэвшүүлж буй Монгол Улсын хөгжлийн хэтийн зорилго маань ирээдүйн 10 жилийн хугацааны турш хэрэгжих дунд хугацааны бодлого юм.
 
-Энэ том бүтээн байгуулалтуудыг хийхэд зарцуулах төсөв, хөрөнгийг яаж босгох вэ?
 
-Хөгжлийн бүтээн байгуулалтуудыг хийхэд мэдээж их хэмжээний төсөв шаардагдана. Эдийн засаг хямралтай хүнд хэцүү байна гээд хөгжлийн хувьсгалыг хойш тавиад сууж болохгүй, сайн цаг ирнэ гэж хүлээх шаардлагагүй. Манай намын гишүүд, монголчууд бид хэцүү гээд хойш сууж байсан удаа байхгүй. Бидэнд боломж байгааг алдаж болохгүй. Цаг хугацаа ч биднийг хүлээхгүй шүү дээ. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах  асуудлыг шийдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Тавантолгойн орд  таван тэрбум тонн  коксжих нүүрсний нөөцтэй.
 
Өнөөдөр нэг тонн коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ойролцоогоор 100 орчим ам.доллар байгаа. Тэгэхээр бид чанарын шаардлага хангасан, нөөц нь тодорхой болсон ордоо сонирхож буй улс орнуудад  яагаад урьдчилж борлуулж  болохгүй гэж! Тус ордоос бид багадаа л гэхэд 100 тэрбум ам долларыг урьдчилж босгох боломжтой. Түүнээс 60 тэрбумыг нь бүтээн байгуулалтдаа зарцуулъя гэсэн судалгаануудыг гаргасан байгаа. “Мянганы төмөр зам”, “Улсын чанартай найман хот”, “Орон сууцжуулах хөтөлбөр”, “Оюутны сургалтын төлбөр”, “Эрүүл мэндийн асуудал” зэрэг бүтээн байгуулалтад 60 тэрбум ам.доллар зарцуулахаар байгаа.
 
-Үлдэгдэл 40 тэрбум ам.долларыг юунд зарцуулах вэ?
 
- Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 21 тэрбум ам.долларт хүрээд байна. Монгол хүн өртэй байх дургүй, бид өргүй баймаар байна. Өнөөдөр монгол улсын иргэн бүр өртэй. Азай буурал, алдрай бяцхан үрс ч ялгаагүй хүн бүр 14 сая төгрөгийн өртэй. Энэ бол өнөөгийн Монголын төрийн үнэн дүр төрх. Өрийн дарамтанд орсон Монгол Улсад хөрөнгө оруулагч олдохгүй. Өр нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд унагах эрсдэлтэй. Тиймээс Монгол Улс өргүй, иргэн бүр нуруу тэнэгэр, сэтгэл хангалуун байх нь чухал, бас хэрэгтэй.
 
Үр хойчдоо гэж үлдээсэн өнөөгийн төр, засгийн гаргасан өрийг бид зайлшгүй төлөх ёстой.  Хэн нэгнийг буруутгаж байхаар нэг тоонот гэрт амьдарч байгаа Монголын ард түмэн энэ өрийг төлөх ёстой учраас төлье. Стратегийн нэг ордоосоо урьдчилж хөрөнгө босгосноороо бид өмнөө тулгарч байгаа олон жилээр хуримтлагдсан асуудлаа шийдэх гарцыг нээж байгаа хэрэг. Улмаар бүтээн байгуулалт хийж, “хөгжлийн хувьсгал”-ын бодлогоо хэрэгжүүлснээр дахиж өр тавих шаардлагагүй шинэ хөгжингүй Монгол Улсыг цогцлоож чадна.
 
-МАХН-ын дэвшүүлж буй “Хөгжлийн хувьсгал”-ын хэрэгжих боломж, зөв гарц нь юу вэ?
 
-“Хөгжлийн хувьсгал”  хэрэгжих бүрэн  боломжтой. Манай улс төрийн тогтолцооны хувьд  бол Их хуралд олонх болсон нам хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой байдаг. Харин олонх болж чадаагүй тохиолдолд тухайн эрх барих төр, засаг өнөөгийн бидний ярьж байгаа “Хөгжлийн бодлого”-ыг дэмжиж ажиллах боломж бас бий. Өнөөдөр дэмий улстөржилт юунд хүргэснийг бид бэлхнээ харж байна. Одоо хэт улстөржилтөөс салах цаг нь болсон. Бид улстөржилтөөс илүү улс орныхоо эрх ашгийг илүүд үзэх ёстой. Ирээдүйн хөгжил, Улс орны хэтийн төлөв энэ бүхнээс шалтгаалах учир  улсынхаа хөгжлийг урагшлуулж, ард түмнээ сайхан амьдруулахын төлөө ажиллах учиртай. 
 
-Гэхдээ та бүхний дэвшүүлж байгаа зорилтын талаар “Мөрөөдөл ярьж байна” гэсэн шүүмжлэл ч бас сонсогдож байгаа?
 
-Өмнөх туршлагаас харахад хэзээ ч биелшгүй санагдаж байсан зүйлийг ч биелүүлж чадсан нам. Бидэнд “Мянганы зам”-ыг санаачилж хэрэгжүүлсэн туршлага бий. Монгол ардын хувьсгалт нам бол хийж бүтээж сурсан, түүнийгээ өөрийн түүх, амжилтаараа батлан харуулсан нам гэдгийг монголын ард түмэн мэднэ.  Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадаж байсан. “Мянганы зам”-ын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжиж байна. Зорьж хийвэл амжилтанд хүрч чаддагийг энэ жишээ харуулж байна. Тэгвэл яагаад  “Мянганы төмөр зам”  барьж чадахгүй гэж. Монгол Улс яагаад  улсын чанартай найман хоттой байж болдоггүй юм! Энэ бол заавал биелэх ёстой “мөрөөдөл”. Хөгжлийн олон тулгуур гарцыг эрэлхийлж, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бүхнийг боломжтой гэж харж байна. Хэл амаа биш, ухаанаа уралдуулж хийж бүтээх цаг нь ирсэн.
 
-Улстөржилтөөс хэрхэн салах вэ?
 
-Хэт улстөржилт хөгжлийн чөдөр тушаа болж, хөгжлийг удаашруулж байна. Одоо хөгжлийн гарцаа зөв тодорхойлсон бодлогыг аль ч нам, эвсэл дэмжээд явах ухаантай байгаасай гэж бодож байна. Ард түмэн өнгөрсөн 25 жилийг ерөнхийдөө дүгнэж харж байгаа. Бид юунд хүрэв гэдгээ ухаарах цаг нь болсон. Одоо хөгжил авчрах  санал, санаачилгыг ойлгож, дэмжинэ гэж найдаж байна. Энэ боломж маань 15-20 жилд хөгжих урт хугацааны хөгжлийн бодлого. Иргэн бүрийг ажилтай, орлоготой, эрдэм боловсролтой, хөгжингүй нийгэмд хүргэх зорилготой учир хөгжлийн энэ гарцыг ард түмэн дэмжиж хэрэгжүүлээсэй хэмээн хүсч байна. Бид бүтээж, хийж, гүйцэтгэж чадах болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин