sonin.mn

Монгол Улс Дэлхийн банкны гишүүн орноор элссэний 25 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр “Дэлхийн хөгжлийн тайлан-2016: Тоон технологийн үр ашиг" тайланг танилцуулав.

1991 оны 2 дугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Банкны гишүүнээр элссэн байна. Анх Дэлхийн банк Монгол Улсын дулааны цахилгаан станцыг шинэчлэх, өргөтгөх, төмөр зам барих, засварлах зэрэг дэд бүтцийн салбарт төвлөрөн ажиллаж байсан бол эдүгээ мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах болсон хэмээн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Жеймс Андерсон тайлангийн хурлын нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Монгол Улс газар нутаг томтой, хүн амын нягтаршил багатай хэдий ч далайд гарцгүй, хоёр хөрш оронтой тул газар зүйн томоохон бэрхшээлтэй гэж үздэг аж. Гэхдээ мэдээллийн технологийг ашиглан дэлхий нийттэй харилцах боломжтой. Дэлхийн банк 2001 оноос хойш Монгол Улсад дэмжлэг үзүүлж эхэлсэн. Энэ хугацаанд Дэлхийн банк мэдээллийн технологийг жирийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд хэрхэн ашиглах тал дээр төвлөрч ажилласан.

“Дэлхийн хөгжлийн тайлан-2016”-д дэлхийн 10 хүний 7 нь гар утас хэрэглэж байна хэмээн дурьдсан байна. Уг тайлангаар мэдээллийн технологийг хэрхэн зөв ашиглахыг тодорхойлох зорилго тавин ажилласан. Монгол Улсад хөдөөний малчид хүртэл гар утсаараа дамжуулан малын түүхий эдийн ханш, цаг агаарын нөхцөл байдал зэргийг авч байна. Энэ нь мэдээллийн технологийг зөв ашиглаж байгаагийн нэг хэлбэр юм. Тиймээс мэдээллийн технологийг соён гэгээрүүлэх чиглэлд ашиглах нь зөв. Тухайлбал, Дэлхийн банкны хөгжлийн тайланд дурьдсанчлан ХДХВ-ийн хор хөнөөлийг сурталчлах, эмчилгээ хийлгэхэд уриалах зэргээр ашиглах боломжтой юм. 2016 онд Монгол Улсад илүү өндөр түвшний мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд анхааран ажиллах болно” хэмээв.

Засгийн газраас Монгол орны өргөн уудам нутагт тархан суурьшсан иргэдийг мэдээллийн технологиор хангах зорилт тавин бүх сумдыг гар утас болон интернэтийн сүлжээнд холбожээ. 2015 оны байдлаар Монгол Улсын 100 иргэн тутамд 156 гар утас ногдож байгаа бөгөөд 1 сая иргэн тогтмол интернэт хэрэглэж байна гэсэн судалгааг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас гаргажээ. Үүнийг дагаад интернэт болон ухаалаг гар утсаар дамжуулан худалдаа хийх бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж байгааг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Энэ оноос Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Ухаалаг Засаг” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийн хүрээнд төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох, мэдээллийн нээлттэй орчин бий болгох зорилт тавин ажиллах болно. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас төрийн үйл ажиллагааг хүртээмжтэй болгох зорилгоор Мэдээлэл авах эрхийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Шилэн дансны тухай зэрэг олон хууль батлан хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь мэдээллийн технологиор дамжуулан иргэдийн төрийн үйл ажиллагаан оролцох боломжийг бүрдүүлэх томоохон алхам болсон. Цаашдаа энэ бүх амжилтаа улам бүр ахиулах болно” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Эх сурвалж: “Монцамэ“ агентлаг