Өнөөдөр бөөр хамгаалах дэлхийн өдөр тохиож байна.

Эл өдрийг бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг сайжруулах зорилгоор Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар  2006 оноос дэлхий даяар тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш өдгөө 200 гаруй улс энэ өдрийг тэмдэглэж байна.

Манай улсад хүн амын дунд бөөрний архаг өвчин сүүлийн 5 жилд өвчлөлийн гуравдугаарт, хэвтэн эмчлүүлэгчдийн тоогоор тэргүүлж байна. Эмнэлгүүдийн нийт төсвийн дөрөвний нэгийг бөөрний дутагдалтай өвчтөний эмчилгээнд зарцуулж байгаа аж.

Монгол Улс бөөр хамгаалах дэлхийн өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлжээ. Эл өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Эрин” эмнэлэг бөөрний өвчнийг эрт илрүүлэх, бөөрний өвчнөөс сэргийлэх зорилгоор үзлэг, оношилгоо, сургалтыг 09.00-17.30 цагийн хооронд зохион байгуулах юм. Мөн  Монгол, Японы хамтарсан Улаанбаатар-Мед нэгдсэн эмнэлэг өнөөдрөөс энэ сарын 18-ны өдрийг дуустал иргэдэд бөөрний үзлэг, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг