sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаас "Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй" хэмээн үзжээ.
 
Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар мэдээлэл хийсэн. Бүлгийн дарга С.Бямбацогт, "Жагсаалтын ард нуугдаж сонгогддог тогтолцоог МАН өмнө нь эсэргүүцэж буйгаа мэдэгдэж байсан. Иймээс энэ байр сууриа дахин бататгалаа. Цэцийн шийдвэр сонгуулийг хойшлуулах шалтгаан болохгүй. Сонгууль ирэх 6 дугаар сарын 29-нд болдгоороо болно. Сонгуулийн тухай хуулинд 26 тойрог, 76 мандатаас бүрдэнэ гэж заасан. Цэцийн дүгнэлтээр жагсаалтын 28 мандат хүчингүй болж байна. Үүнийг можаротор тогтолцоонд шилжүүлэх ёстой. 26 тойрогт буюу өөрөөр хэлбэл хөдөөд тус бүр нэг, хотод 8 мандат хуваарилаж болно гэж үзсэн. Энэ талаар дахин ярина. Түүнчлэн цэцийн шийдвэрийг хүлээж авснаар Сонгуулийн тухай хуулинд тодорхой өөрчлөлт орж таарна" гэв.
 
Мөн хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцсэн байна. Засгийн газар үндсэн чиглэл 76.1 хувийн биелэлттэй гэж үзсэн бол Үндэсний аудитын газраас 70 хувь биелсэн хэмээн дүгнэсэн байна. Харин МАН-ын бүлэг хэрэгжилт хангалтгүй хэмээн үзсэн болохыг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээллээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг