sonin.mn
БЕРЛИН. /NHK/. Умард Солонгос өнгөрсөн бямба гарагт шумбагч онгоцноос баллистик пуужин харваж туршсан явдлыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эрс буруушаав.
 
Тэрбээр ХБНГУ-ын Канцлер Ангела Меркельтэй уулзсаны дараа ням гарагт сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн байна. Обама хэлэхдээ "АНУ-ын засгийн газар Умард Солонгосын үйлдлийг сайтар ажиглаж байгаа бөгөөд Пхеньян өдөөн хатгах үйлдлээ үргэлжлүүлж байна мөн цөмийн хөтөлбөрөө идэвхтэй үргэлжлүүлж байна. Тэдний хийж буй олон туршилт бүтэлгүйтэж байгаа ч тэд туршилт хийх болгондоо их зүйлийг мэдэж авч байгаа" гэжээ.
 
АНУ олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Умард Солонгосыг тусгаарлахыг хичээж байгаа бөгөөд тус улсын эсрэг хориг арга хэмжээг авч байна. Мөн Умардад илүү их шахалт үзүүлэхийн тулд АНУ-ын засгийн газар Хятад улстай хамтран ажиллаж байгаа хэмээн тэрбээр мэдэгдэлдээ дурджээ
 
Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Сү Ёнг "Хэрэв АНУ Өмнөд Солонгостой жил бүр хийдэг хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоовол манай улс цөмийн туршилтаа зогсоох болно" хэмээн бямба гарагт "Associated Press"-т ярьжээ.
 
Харин Обама хэлэхдээ "АНУ-ын засгийн газар энэ мэтийн амлалтуудыг нухацтай зүйл гэж үзэхгүй байна" гэлээ.
 
Тэрбээр цааш нь "умард солонгосчууд бодлогоо өөрчлөх хүртэл Өмнөд Солонгос болон Японтой хамтран эдгээр орны пуужингаас хамгаалах системийг бэхжүүлэхийн тулд  ажилласаар байх болно" гэжээ.
 
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг