sonin.mn
МУЗН-ээс хаваржилт хүндэрсэн 17 аймгийн 3200 малчин өрхөд тус бүрт 192 мянган төгрөгийн  бэлэн мөнгийг сумдын Хаан банкаар дамжуулан хүргэх, Сүхбаатар, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгийн нийт 400  малчин өрхөд хүнсний багц болон 64 мянган  төгрөгийн тусламж үзүүлэх хоёрдугаар ээлжийн бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ.
 
Тус нийгэмлэг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд зуданд өртсөн, хүнд нөхцөлд байгаа малчдад туслах уриалгыг Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо бусад Үндэсний нийгэмлэгүүдэд хандан гаргасан юм. Уг уриалгыг Америк, Канад, Англи, Финлянд,  Швед, Япон, Дани, Норвеги, Монако, БНСУ-ын Улаан загалмай нийгэмлэгүүд болон Европын холбооноос дэмжин хүлээн авч, малчин өрхөд 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.
 
Энэ хүрээнд эхний ээлжийн тусламж энэ оны хоёрдугаар сард малчдад хүрсэн. Тухайлбал, 3500 малчин өрхөд 192 мянган  төгрөг,  1600 малчин өрх тус бүрт хүнсний багц,  64 мянган  төгрөгийн яаралтай тусламжийг Хаан банкаар дамжуулан хүргэж эхэлсэн.
 
Мөн малчдад туслах зорилгоор МУЗН-ээс зарласан хүмүүнлэгийн аянд Хөдөлмөрийн яам, түүний харъяа газрууд,  Барилгын политехникийн коллежийн оюутан сурагчид, багш нар, МУБИС-ийн Нийгэм-хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, ажилтнууд, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон, Хууль сахиулах их сургуулийн эмэгтэйчүүдийн зөвлөл, ХСИС-ийн бүрэлдэхүүн долоон сургуулийн багш сурагчид нэгджээ.
 
Мөн “Мандах бүртгэл” дээд сургуулийн хамт олон,  МУИС-ийн багш, оюутнууд, 33 дугаар сургуулийн сурагчид, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан холбоо зэрэг аж ахуйн нэгжүүд мөнгө, бээлий, хүнсний бүтээгдэхүүн хандивласан байна.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг