sonin.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг Нарантуул захын худалдаачдын лангууг хураана хэмээн сүрдүүлсэн тухай мэдээллийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд “Нарантуул” Олон улсын худалдааны төвд өнгөрсөн 3 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө гал гарсантай холбогдуулж хохирсон түрээслэгчид Өргөдлийн байнгын хороонд удаа дараалан хандсан. Түүнчлэн захын удирдлагууд хохирсон түрээслэгчдийг “гомдолгүй” гэж  гарын үсэг зурсан тохиолдолд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгоно гэх зэрэг ажлын байрны дарамт үзүүлж, тайван ажиллах нөхцлөөр хангахгүй байгаа зэрэг гомдлыг ирүүлсэн болно.

Иргэдийн өргөдлийн дагуу Өргөдлийн байнгын хорооноос “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн удирдлага, хохирсон түрээслэгчдийн төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулж галын шалтгаан, нөхцлийг тогтоох дүгнэлтийг шуурхай гаргах, хохирогчдын эрх ашгийг хангах талаар холбогдох байгууллагуудад албан тоот явуулсан юм.

Мөн түрээслэгчдийн хүсэлтийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд ажиллаж хохирсон түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр яаралтай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй байгааг албан бичгээр “Нарантуул” Олон Улсын худалдааны төвийн удирдлагуудад уламжилсан болно.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Нарантуул Олон Улсын худалдааны төвд гарсан галын улмаас хохирсон түрээслэгчдийн өргөдлийн дагуу эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж хуулийн хүрээнд ажилласан. Зарим  нэг мэдээллийн хэрэгслээр гарч байгаа шиг  түрээслэгч бус  этгээдүүдийн өмнөөс ямар нэг  үйл ажиллагаа явуулаагүй болохыг мэдэгдэж байна” хэмээжээ.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг