sonin.mn

ТОКИО. /TASS/. Японы автомашин үйлдвэрлэгч томоохон компани болох “Toyota Motor” хоёр дахь долоо хоногтоо хүчтэй газар хөдлөлтөд өртөж буй тус улсын баруун өмнөд хэсэгт оршдог угсрах үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээжээ.

Тухайлбал, тус компанийн төв байр байрладаг Айти мужийн төвд оршдог угсрах үйлдвэрийн ажлыг сэргээжээ.

Кюшү арлын Кумамото болон Оита мужид болсон хүчтэй цуврал газар хөдлөлтийн дараа эд анги нийлүүлэлт саатсаны улмаас “Toyota” дөрөвдүгээр сарын 19-нөөс угсрах үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг түр зогсоож эхэлсэн юм. Үүний улмаас тус компанийн үйлдвэрлэх автомашины тоо 50 мянгаар цөөрөх юм. “Toyota" Японы нутаг дэвсгэрт оршдог 16 угсрах үйлдвэрийн 15-ыг нь түр зогсоохоор төлөвлөжээ. Эдгээр үйлдвэрийн ихэнхийнх нь үйл ажиллагааг хэдийн зогсоосон бол үлдсэнийг нь ойрын өдрүүдэд зогсоох аж.

Дөрөвдүгээр сарын 14-нд Японы Кюшү аралд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа 100 гаруй удаа чичирхийлэл мэдрэгдсэн бол дөрөвдүгээр сарын 15-ны орой тус аралд дахин 7.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм. Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 48 хүн амиа алдаж, 1100 гаруй хүн гэмтэж бэртжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг