sonin.mn
Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүр адил тэгш, хувийн өмчөө хамгаалах эрх нь зөрчигдсөн хэмээн иргэд бидэнд хандав. Тухайлбал, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, бидний хэлж заншсанаар “Модны-2”-т байрлах хуучны цэнхэр байруудын нэг 67 дугаар байрны оршин суугч Ш.Сонинхүү төрийн байгууллагынхан гарын үсгийг нь хуурамчаар үйлдэж эд хөрөнгөд нь хүч түрэн халдсан.
 
Ингэхдээ эд зүйлсийг нь хулгайлсан гэсэн юм. Тэгвэл нөгөө талд мэргэжлийн хяналт, газрын алба, дүүргийн холбогдох хүмүүс буруугаа хүлээхгүй байгаагаас асуудал шүүхийн шатанд очжээ. Төрийн байгууллага, иргэн хоёрын хооронд маргаан үүсгэсэн 67 дугаар барилгыг сурвалжиллаа.
 
“Модны-2”-т 62, 63, 64, 65, 66, 67 гэсэн дугаартай хуучны цэнхэр байрууд бий. Энэ байруудын нэгдүгээр давхар тэр чигээрээ өргөтгөлийн барилгатай. Ломбард, дэлгүүр, үсчин, зоогийн газар, хувийн цэцэрлэг гээд ашиг олж болох юу л байна, тэр бүхнийг байрыг өргөтгөн барьсан байна. Бүр тулгуур багана, хана, таазыг нь өөрчлөөд, аваарын гарцыг тэр чигт нь хаачихсан байх нь элбэг. Уг нь энэ үйлдэл хуулиар хориотой. Гэнэтийн осол аваар гарах үед иргэд гадагш гарч чадахгүй болохоос эхлээд барилгын суурь, тулгуурт өөрчлөлт орох эрсдэлтэй. Гэвч “ар тал” сайтайчуудад энэ хууль үйлчилдэггүй.
 
67 дугаар байр ч яг ингэж өргөтгөсөн дэлгүүр, ломбардтай. Ш.Сонинхүүгийнх тус байрны хоёрдугаарт давхарт, зам руугаа харсан есөн тоотын айл. Тэрээр гарц, хонгил хааж, хана тааз нураахгүйгээр тагтны хэсгээ өргөтгөхөөр зөвшөөрөл хүсч дүүрэг, хороогоор багагүй явжээ. Түүнд хориотой гээд хуулийн заалт танилцуулчих хүн олдсонгүй, бүгд л “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн байна. Хамгийн сүүлд байрныхаа СӨХ-нд хандаж зөвшөөрөл авсан байна. Ингэхдээ өргөтгөлийн талбайн мөнгөө сар бүр СӨХ-нд төлж байхаар тохиролцож, өнгөрсөн оны аравдугаар сард барилгын ажлыг эхлүүлжээ. Зураг төслөөр бол байрны нэг­дүгээр давхрын өргөтгөлтэй дэлгүүр, ломбард хоёрын дундах аваарын гарцны шатан дээр суурь тавьж, хоёрдугаар давхрын тагтаа өргөтгөх байжээ. Аваарын гарцыг хаахгүйгээр тохижуулсан нь шатан дээр бөөгнөрдөг гудамжны хүмүүс, хог шавхайгүй болох нь хэмээн байрны зарим иргэн ам сайтай байж.
 
Гэтэл барилгын ажил дуусах үед өнгөрсөн арванэгдүгээр сарын 10-нд үл таних хүмүүс халдаж нураан, доторх эд зүйлс нь алдагдсан хэрэг гарсан гэнэ. Ш.Сонинхүүгийн өргөтгөл аваарын гарц, айлын цонх хааж байна гэж байрны нэгэн оршин суугч гомдол гаргасан байжээ. Гомдлын мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч дүгнэлт гаргаж. Тус дүгнэлтэд үндэслэлгүй олон зүйл тусгаснаас өмчид нь хууль бусаар халдсан явдал эхэлсэн гэж тэрээр ярьсан. “Байцаагч Т.Энхтүвшингийн дүгнэлтэд Баянгол дүүргийн Засаг дарга Ж.Бор болон бусад хүмүүсийг байлцуулан 67 дугаар байрны хоёрдугаар давхрын өргөтгөлийн явцыг 2015 оны аравдугаар сарын 27-нд шалгалаа гэсэн байгаа юм. Дүүргийн Засаг дарга бол Д.Оросоо болохоос Ж.Бор биш. Түүнээс гадна аваарын гарцтай байруудад бүгдэд нь гарц хаагаад өргөтгөл барьсан. Д.Оросоог Засаг дарга болсноос хойш ч энэ үйл явдал өрнөсөн. Манай байрнаас эхлээд бүх байранд бий. Тэд бүгд зөвшөөрөлгүй. Тэдэнд дүгнэлт гаргаж чадаагүй хэрнээ манайхыг “Аваарын гарц, шат хязгаарласан” гэсэн. Бодит байдал дээр бид олон жил хаалттай байсан аваарын гарцыг нээж, төмөр хаалга хийгээд, гэрэл цахилгаан тавиад харин ч хүмүүс аюулгүй чөлөөтэй орж гарахаар болгосон. Улсын байцаагч байтлаа албан бичиг хөтлөлтийн наад захын мэдлэггүй, бодит байдлыг үнэлж дүгнэх чадваргүйгээс болж хоёрхон хоногийн дотор бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдуулсан. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дээрх дүгнэлтийг үндэслээд Засаг дарга Д.Оросоо нураах захирамж гаргасан байдаг. Захирамжийн дагуу дүүргийн Өмч, газрын албаны ажилтнууд хүний өмчид халдаж буулгасныхаа дараа захирамжаа танилцуулсан. Бүр болоогүй тэд барилга нураах шаардах хуудсыг намайг хүлээж авсан мэтээр гарын үсгийг минь хуурамчаар үйлдсэн байсан. Энэ маш ноцтой үйлдэл. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтний дүгнэлтээр миний гарын үсэг биш болохыг тогтоосон. Төрийн байгууллагын ажилтнууд ингэж ажлаа хайнга хийж, үр дүнд нь өрх гэрээ тэжээх гэсэн иргэдийн эрх, өмчид халдаж байна. 24 сая төгрөгийн хөрөнгө зарж барьсан барилгаа хууль бус дүгнэлт, захирамжуудаар нураалгасанд гомдолтой байна” гэлээ.
 
Мэргэжлийн хяналтын байцаагчийн алдаатай дүгнэлтийг тус газраас засахаар болж дараагийн улсын байцаагч н.Цэцэгмаа хүлээн авсан тухай тэрээр үргэлжлүүлэн ярив. “Цэцэг­маа байцаагч Т.Энхтүвшин байцаагчийн алдаатай дүгнэлтийг хүчингүй болгосон дүгнэлтийг арванхоёрдугаар сарын 10-нд надад өгсөн. Гэтэл тэрээр тэр өдрийнхөө үдээс хойш над руу утасдаж “Миний гаргасан дүгнэлтийг яаралтай аваад ир. Би буруу тэмдэг дарчихсан байна” гэсний дагуу хүргэж өгсөн. Буцааж өгөөгүй. Шаардаж байж зургаан хоногийн дараа авахад тамга тэмдгээ солих биш дүгнэлтийг эрс өөрчилсөн байсан. Энэ нь бас л хууль зөрчсөн үйлдэл. Нэг дүгнэлт гаргачихаад тамга буруу дарсан нэрээр буцааж аваад өөрсдийнхөө алдаа гаргаснаа баллуурдаад байж болох уу. Хэрвээ би өмнөх дүгнэлтийг нь хувилж аваагүй байсан бол үүнийг мэдэхгүй өнгөрөх байж” хэмээн ярилаа.
 
Төрийн байгууллагын ажилтнууд бусдын эд хөрөнгөд ингэж халдах үеэр алга болсон гар утас олдоогүй байна. Харин кабелийн утсыг барилга нураасан хүмүүс авч яваад маргааш нь хүлээлгэж өгсөн гэж цагдаагийн шалгалтаар тогтоожээ. Алдагдсан гар утасны хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /192 000 төгрөг/-нд хүрээгүй, шунахайн зорилгогүй хулгайн хэрэг гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Харин энэ шийдвэрийг гомдол гаргагч иргэнд танилцуулаагүйгээс багагүй цаг хугацаа алдсаныг Ш.Сонинхүү бухимдан ярьж байв.
 
Мэдээж иргэн Ш.Сонинхүүгийн орон сууцны тагт өргөтгөсөн нь хууль зөрчсөнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ бусад айл аваарын гарцыг хааж, тулгуур ханыг нурааж дэлгүүр, ломбард барьсан байхад ашгийн бус, тагтаа хэдхэн алхмаар өргөтгөх гэсэн нэгэнд ингэж хандсан нь хэнд ч шударга бус л харагдана лээ.
 
Төрийн байгууллагын ажилтнууд иргэддээ шударга л хандах учиртай. Гэтэл холбогдогч эзэн нь танилцаагүй мэдэгдэх хуудаст гарынх нь үсэг дурайж байх нь ямар учиртай вэ. Энэ талаар тэнцвэртэй мэдээлэл хүргэхээр дүүр­гийн Өмч, газрын харилцааны албаны дарга н.Бямбадоржтой холбог­доход “Энэ асуудал шүүхийн шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
 
Түүнчлэн дүүргийн Засаг даргын гаргасан захирам­жаар уг өргөтгөлийг нураахад 1700000 төгрөг зар­цуулсан гэжээ. Жижигхэн талбайг чөлөөлж, төмөр карказыг холдуулахад ийм их хэмжээний мөнгө зарлагадах уу Д.Оросоо дарга аа. Энэ талаар  дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос тодруулах гэсэн боловч утсаа авсангүй.
 
Иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж бусдаас ялгаварлан хууль зөрчсөн өргөтгүүд дундаас нь ганцааранг нь нурааж, гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн удаа дараа хууль бус үйлдэл гаргасан хэмээн Ш.Сонинхүү хохирлоо нэ­хэм­жилж шүүхэнд ханджээ. Шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болох аж.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин