sonin.mn
Манай нийгэм дэх өнөөгийн хямрал нэлээд гүнзгий бөгөөд ужиг шинжтэй харагдана. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэгч болж байна. Буруу замаар явсан нь тодорхой, буцаж замаа олох шаардлагатай.
 
Харин юу тээж хаа хүртэл буцах вэ. Өр, хямрал, төөрөгдөл гээд бидний огт хүсээгүй тээшнүүд энд байна. Гэхдээ бид энэ хүндрэлийг давж чадна. Гарц болон гаргалгаа нь байна.
 
Граммын худалдаа, ширхэгийн тохиролцоо, бартерын наймаа, бэлэн мөнгөний хомсдол, хэт ядуурал, хэрээс хэтэрсэн гадаад өр, огтоос үнэмшилгүй худал албан статистик. Энэ бүхэн туйлдсан улс дампуурлаа зарлахын өмнө нийгэмд нь бий болдог үзэгдлүүд. Гамшиг нүүрлэснийг илтгэх бусад олон шинж тэмдэг өдгөө манайд илрээд байна. Эрх баригчдын зүгээс  хэрэгжүүлж буй асар өндөр, 10.8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын гадаад зээл, жижиг дунд бизнес, бага дунд орлоготой иргэдээ шулсан НӨАТ-ын татварын шинэ систем, 10 хувь болгон бууруулж байгаа малчны зээл зэрэг арга хэмжээнүүд нь сонгууль угтсан түр зуурын амь тариа мэт ажиллагаа бөгөөд эцсийн үр дагавар нь Монголыг амь тавиулах хугацааг улам наашлуулах үйлчилгээтэй юм.
 
НИЙГМИЙГ ГАМШИГ РУУ ТҮЛХЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫН ШАЛТГААН ЮУ ВЭ?
 
Баячуудын ханаж цадахгүй шунал, эрх мэдлийг атгасан олигархи бүлэглэл хоорондын ашиг сонирхлын тэмцэл, дунд, доод давхаргын сүнсээ алдсан арчаагүй байдал гээд олон шалтгаан бий. Эдийн засагч, судлаачийн хувьд Монголын нийгмийн доройтол, хямрал, далд колончлолд орсон байдал нь улс төр, эдийн засгийн суурь тогтолцооны гажуудалтай холбоотой гэж харж байна. Өдгөө эрх баригчдын хүч түрэн хэрэгжүүлж буй “Чөлөөт зах зээл” гэх эдийн засгийн институцийн суурь бүтэц, тогтолцоо нь гадаадад боловс­руулагдсан. Монголын онцлогыг тусгаагүйн улмаас сөрөг үр дагавар авчирч, улмаар улсыг маань далд колончлолд оруулаад байгаа юм…
 
МАНАЙ НИЙГЭМД ҮЙЛЧИЛЖ БУЙ БАНК САНХҮҮГИЙН МӨЛЖЛӨГИЙН СИСТЕМИЙГ ӨӨРЧЛӨХ
 
Дэлхийн 188 орноос банкны зээлийн жигнэсэн дундаж хүү нь 20 хувиас давсан улс 12 байдаг… Тухайлбал, Монгол, Уганда, Мадгаскар, Киргиз, Гамбиа... Банкны хүүгийн ийм дарамттай нөхцөлд бидний ярьдаг нийгмийн хөгжлийн тулгуур болсон аж үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийн хөгжил үнэндээ үлгэр, хэрэгжих боломжгүй мөрөөдөл юм...
 
Тэгвэл банкны сис­темийг хэрхэн өөрчлөх вэ, зээлийн хүүг яаж бууруулах вэ. Үүнд банкирууд “Манай хадгаламжийн хүү өндөр 12-13 хувь. Тиймээс бид зээлийн хүүг бууруулах боломжгүй” гэж тайлбарладаг. Үнэндээ энэ нь улиг болсон хэллэг...
 
ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАМГААЛАХ БОДЛОГО ЯВУУЛАХ
 
Чөлөөт худалдаа нэрийн дор орж ирж буй гадны үйлдвэрлэгчдийн довтолгооноос дотоодын үйлдвэрлэл болоод зах зээлээ хамгаалах бодлого явуулах нь хөгжлийн гарааны тулгуур алхамуудын нэг. Эдийн засгийг алсан энэхүү чөлөөт худалдаа гэгч далд колончлалын бодлого манайд анх 1997-1998 онд гадаад худалдааны татварыг тэглэснээр хэрэг­жиж эхэлсэн юм. 1996 он буюу худалдааны татварыг тэглэхийн өмнөх жилд гадаад худалдааны татварын орлого 14 тэрбум байсан бол 1998 он буюу татвар тэглэлт бүрэн хэрэгжсэн жилд 1.5 тэрбум болж буурсан нь гадаад худалдаанаас орох орлогыг даруй 9.2 дахин бууруулсан, сөхөрч явсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлж мөлхүүлсэн үйл­дэл байсан юм...
 
Гадаад худалдаанд ч мөн давхар хэрэгждэг НӨАТ-ыг тойрсон асуудлууд яригдаж байгаа өнөө үед хавтгайруулсан таван хувийн гаалийн татварын бодлогод салхи оруулах цаг аль хэдийнэ болсон. Дотоодын үйлдвэрлэлд хэрэг­лэгддэг материал, түүхий эдүүд импортын тат­вараас чөлөөлөгдөх, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх бэ­лэн бүтээгдэхүүний им­портын татварыг өсгөх, квотоор хязгаарлах, стан­дарт тогтоох, дотоодын үйлд­вэрлэгчиддээ татаас өгөх гээд шаталсан, төрөлж­сөн арга хэмжээ авах замаар үйлдвэрлэлийг жин­­хэнэ утгаар нь дэм­­жих цаг болсон. Дэлхийн худал­дааны бай­гуул­лагын гишүүн, хоц­ронгуй хөгжилтэй орны хувьд Монгол улс тус байгуул­лагаас өгөгддөг (SDT-Specialized Differentiated Treatment) худалдааны хөн­гөлөлтүүдийг эдлэх, ху­дал­дааны татварыг өнөө барим­талж буй  хавт­гайруул­сан таван хувиас 17-20 хүртэлх хувиар өсгөх бүрэн боломжтой...
 
ОЛОН ТӨРЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААГ БҮРЭЛДҮҮЛЭХ 
 
...Тусгайлан боловс­руулсан хар технологиор төрийг балбаж, сүг болгоод төрийн мэдэлд очсон улсын өмч, нийгмийн баялгийг булаан авч гадаад, дотоодын этгээдүүдэд хуваан тарааж байгаа нь үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдлийг учруулж буй завхрал юм.
 
Хувийн өмчийг хамгаа­лах, түүний хөгжлийг дэм­жих нь төрийн үндсэн үүрэг, бодлогын салшгүй нэг хэсэг байх ёстой… Нөгөө талаас нийгмийн хөрөнгөөр бүтсэн биет болон биет бус баялгууд бөгөөд үүнд эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч гээд хүний суурь хэрэгцээг хангадаг үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд орно. Улсын өмчийн даатгалын болоод эрүүл мэндийн сангууд, их дээд, бага дунд сургуулиуд, эмнэлгүүд, цахилгаан станцууд, тээвэр, холбооны сүлжээнүүд гэх мэт гэсэн үг… Франц, Норвег, Швед гээд өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн суурь хэрэгцээг хангадаг бүхий л салбарууд үндсэндээ төрийнх нь  мэдэлд байдаг төдийгүй төрийн өмчит компаниуд зах зээлд нь зонхилох үүрэг гүйцэтгэж хөгжлийнх нь түүчээ болж байдгийг санах хэрэгтэй...
 
Дан ганц хувийн өмчид тулгуурласан нийгмийг цогцлооно, хөгжинө гэх хаа ч бодитоор хэрэгждэггүй үзэл баримтлалыг сохороор шүтэж зүтгүүлэх нь эдийн засагт төдийгүй үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулах эрсдэлтэй. Тиймээс хувийн, улсын, нийтийн өмчийн тэнц­вэр­жүүлсэн тогтолцоог бий болгох ёстой.
 
ЗАХ ЗЭЭЛ ДАХЬ ТӨРИЙН ОНОВЧТОЙ УДИРДЛАГА
 
Зах зээлд төрийн зохи­цуулалт шаардлагатай. Тэр дундаа хоцронгуй хөг­жилтэй болоод шил­жилтийн эдийн засагтай манайх шиг улсын хувьд нэн чухал гэдгийг олон улсын туршлага харуулдаг. Зах зээл дэх төрийн оролцоо Францад 56, Норвегт 59, Англид 40 хувь байдаг аж. Харин Монголд дөнгөж 35 хувь байдгийг харвал Монголын төр зах зээлд хэт оролцоод байна гэдэг яриа үндэслэл муутай болохыг баталж буй.
 
Нөгөө талдаа, зах зээлд төрийн оролцоо байдаг, хэрэгтэй гэдгийг нотолж байгаа хэрэг. Бүх зүйлийг үндсэндээ чөлөөтэй тавьсан сүүлийн 25 жилийн горыг бид илүү их өвдөлтөөр мэдэрч байна. Бидэнтэй нэ­гэн зэрэг гараанаас эхэл­сэн Казахстан, Вьетнам, Хятад, Орос бүгд хөгжлөөрөө биднээс хол тасарсан бөгөөд чухамдаа л зах зээлийг төрийн маш зөв зохицуулалтаар удирдаж байгаад амжилтын “нууц” нь байгаа юм. “Төр муу менежер” гэх барууны хар технологи Монголд хүчтэй ажиллаж төрийг үгүйсгэх, төрөөс бүх өмчийг нь салгаж авах зохион байгуулалттай ажиллагаа хэрэгжиж байна... Төрийн зохицуулалт юунаас эхлэх вэ.
 
Миний дээр дурд­сан, банк санхүүгийн суурь тог­тол­цоог өөрчлөх, га­даад худалдааны про­тек­шианист бодлого явуу­лах, хувийн болоод улсын, нийтийн өмчийг хос­луулан хөгжүүлэхээс эхэлнэ... Энэ төлөвлөгөө Монголыг зөвхөн гамшигт байдлаас гаргах төдийгүй, тогтвортой хөгжлийн замд нь гаргана. Дээрх бодлогыг алхам алхамаар, гэхдээ тууштайгаар хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй...
 
Эдийн засагч Х.Батсуурь