sonin.mn
Хуучны сударт ийм нэгэн үг буй аж.
Цөвүүн цаг ирэхэд: 
Өнгө мөнгө хоёр хавчиж хууль үгүй болно
Хавар намар хоёр хавчиж зун үгүй болно.
Хурц сийрэг хэлтнээ 
Цэцэн мэргэнд тооцох.
Аль хилэнцэт муу хүнийг 
Баатар мэт өргөмжлөн дээдлэх
Номтой явсан хүн 
Нохойноос ч дорд үзэгдэх.
 
Өнөө болвоос энэ хуучин үгст дурдсан шинж төрхүүдийг бид өдөр бүр тод харж, алхам бүрдээ ил үзэх мэт. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгний өмнө хууль зүгээр л ямар нэгэн хэрэгтэй хэрэггүйг эрээчсэн цаас болж хувирсан. Олон түмэн хэдий дургүйцэн хэлэлцэх авч засарсан нь ер үгүй. Мөнгөтэй хүн хэрэг хийвэл ял үл үүрнэ, эрх мэдэлтэй хүн хууль зөрчвөл бахархал, үлгэр дуурайлал болно.
 
Тэгээд гар утас хулгайлсан төдийд өсвөр хүүд төр төмөр нүүрээ харуулж ял өгөх атлаа төрийн дансыг улайтал, түмний хөрөнгийг хувхайртал, банк дампууртал “хулгайлсан” эрх мэдэлтнүүд эрх дураараа тарвалзана. Жишээ баримтуудыг жагсааваас уртаас урт хөвөрнө. Өнөө зарим нэгэн хүн эрхээ хасуулж, дээлээ нөмөрсөн нь шударга ёс ялаад, тэдэнд төр зохих хариуцлагыг нь үүрүүлж буй хэрэг огтхон ч биш, харин манай эрх баригч бүлэглэлүүдийн хоорондын “дайн”-ы золиос болсон хүмүүс юм.
 
Хүн ард шударга ёсонд итгэл алдарч, амьдралд цөхөрч, дотоод хүн нь уруудаж доройтно. Ингэхэд шударга ёс гудайж, ер хүн уруудаж байхад хөгжлийн тухай ярих боломж бараг үгүй юм. 
 
Ийнхүү “Өнгө мөнгө хоёр хавчсаар хуулийг үгүй буй” нь ил тод харагдаж мэдрэгдэн, сэтгэл эмзэглүүлнэ. 
 
Өнөө уран сэцэн үгсийг урсган сайхан ярих хүмүүс олон болжээ. Бүр тийм хурц сайхан ярихад сургаж, дадлагажуулах сургалт дамжаа ч олон. Энэ мэт уран сэцэн ярихыг хүний маш сайхан тэргүүн зэргийн чанар, чадвар, эрдэм гэж үзнэ. Ард олон ихэнхдээ хууртагдаж “Хошгирсоор” үлдэнэ. 
 
Гэвч сайхан ярьж, итгүүлэн үнэмшүүлэх нь илүү чухал уу, ярьсан хэлснээ хэрэгжүүлэх, улмаар мөн чанарт хүрч орших нь чухал уу гэдэг асуулт энэ бүхний цаана ямагт гээгдэж хаягдана. Олонхи нь хэдий сайхан яривч, ярьснаа ухаж ойлгох нь, сэтгэл зүрхэндээ мэдэрч шингээх нь бараг үгүй. Явдал, яриа хоёр нь үл зохилдож, үг үйлдэл хоёр нь харшлах атал олон ихэнхдээ тэднийг бахархан харна. Өнөө хэн ч, ямар ч сайхан үг, санааг цээжилж сурчихаад, уран сайхан ярьж дадчихаад үнэхээрийн сэцэн мэргэн мэт аашилж, цамнах нь олонтаа. Үнэнийг өгүүлж буй мэт итгэл төгс дүр эсгэх. Үнэн сайхан үгийг адгийн луйварчин, зальтан, ашиг завшаанч нь хүртэл яруу тодоор хэлж чаддаг болчихсон учир сэцэн хийгээд зальтан хоёрыг ялгаж салгахад нэн бэрх.
 
Хурц сийрэг хэлтэн нь олон биднийгээ хошгируулсаар, ард олон бид ч хошгирсоор, сүүлдээ хаширч гүйцээд, ямар ч сайхан үгэнд, амлалтад итгэж үнэмшихээ больжээ. 
Ийнхүү “Хурц сийрэг хэлтнээ сэцэн мэргэнд тооцох” болсоор бид уджээ. Тэднээрээ зам чигээ заалгаж, тийн залгачихаад төөрч мунгинах нь хэцүү, төөрч мунгинасны дараа бие биеэ үгүйсгэх эвдрэлцэх нь бүр хэцүү.
 
Нэгэнт хууль үгүй болж, сэцэн мэргэнээ ялгаж салгах чадваргүй болоод ирэхийн цагт, аль эрээгүй түрэмгий, ёс бус аашилсан нь баатар мэт, завшиж, дээрэлхэж, ихэрхэж, дураар дургиж чадсан нь бахархал мэт харагдах. Замын хөдөлгөөний дүрэм зөрччихөөд, шаардлага тавьсан төрийн цагдааг нударгалаад унагаавал ард түмэн түүний баатар зоригыг бахархана. Цагдааг даргатай нь, хууль дүрэмтэй нь нам дардаг тэр хэн бэ, аргагүй баатар мөн юм байна хэмээн шуугилдана. Дархан цаазтай газарт орд өргөөгөө барьчихаад, хууль журам ярьж очсон байцаагчийн нүүр өөд хууль, шаардлагыг нь урж шидэн, хөөгөөд гаргачихдаг нэгнийг бахархана. Чадаж байхад яах юм бэ гэлцэнэ.
 
Тэгээд тэднийгээ өргөмжилж, олноороо дуурайн хошуурах ажээ. Хоёр саяар баригдах замыг 20 тэрбумаар бариулчихаад, инээд алдан явж байгаа хүнийг “Эр хүн” гэж үнэлнэ. Тендерийн 40 хувийг ил шулуухэн нэхээд авчихдаг нэгнийг “Шударга гар” хэмээн бахадна. Хэлтсийн дарга ч хийх чадваргүй нэгэн хэн нэгэн даргыг дагаж гүйж байгаад гэнэтхэн Төрийн сайд болж, харшид амьдраад эхлэхээр “Сэргэлэн, сүйхээтэй” гэж шивнэлдэнэ.
Ёс гэдэг зүйл байдаг эсэх нь эргэлзээтэй болж, ёс бусаар явах нь амар хялбар мэт сэтгэгдэх ажээ. 
 
Ийнхүү “Аль хилэнцэт муу хүнийг баатар мэт өргөмжлөн дээдлэх” болсон нь гачлантай. Үр дүнд нь бүгдээр хөл толгойгоо алдан бужигнацгаах. 
Хууль үгүй болж, үнэн худал, шударга, зальхай, сэцэн мэргэнээ ялгаж салгах чадваргүй болж, хилэнцэт муугаа баатар хэмээн үлгэрлэн дагахын цагт үнэн үг үнэ хүндгүй болж, журамтай, ёс зүйтэй нэгнээ өт хорхой мэт үл анзаарна. Шударгаар явахад дарагдах, адлагдах нь их болж, ёс зүйтэй оршиход тэсэхүйеэ бэрх дарамт учирна. 
Ийнхүү “Номтой явсан хүн нохойноос дор үзэгдэх” -ийн шинж бүрдэнэ. Номтой хүнийг мөнгөгүй ядарсан нэгэн л гэж тооцно. 
 
Төрийн бодлогод хүртэл энэ шинж илэрч, Шинжлэх ухааны салбараа үл тоож, хатавчиндаа байлган, өл залгах төдий хөрөнгө хялайлгана. Эрдэмтэн судлаачдынхаа үгийг үл тоож, хэн нэгэн улс төрчийн бодлого ямар ч шинжлэн судалсан эрдэмтэн, ямар ч судалгааны үнэнээс илүү мэт дураар шийднэ. Хатавчинд суусан эрдэмтэд дэмий л тэндээ бувтналдах. 
 
Үр дүнд, төр нь хөгжлийн нэгдсэн бодлого, хөтөлбөргүй, улс нь зорьсон зорилгогүй болж хоцроод даяараа дөрөв дөрвөн жилийн сонгуулийн хугацаанд л амьдардаг болов. Улс орон хөгжлийн нөөцөө шавхаж, дампуурлын ирмэгт хүрэв. Өрд унав. Ард олны үнэмлэхүй олонхи буюу 65.4 хувь нь (ядуу 23.33 хувь, бага орлоготой 42.04 хувь) туйлдан ядуурав. Нийгмийн чанарыг илтгэдэг олон үзүүлэлтүүд ихэнхдээ хасах заав. 
 
Хүмүүс бид нэг нэгэндээ итгэхээ больж, хардаж сэрдэх нь гаарч, бүгд л дор дороо бухимдацгаах боловч яах учиртайгаа үл мэднэ. 
 
Хуучин судрын үг ийнхүү амилсан мэт харагдаж, сэтгэгдэнэ. Цөвүүн цаг нь нүүрлээ юу? Энэ бидний үед үү? Тийм биш байгаасай. Хэдий эдгээр шинж төрхүүд илэрч буй ч засаж залруулах аргагүй болтлоо дор орчихсон гэж бодохгүй байна. Засаж залруулах боломж бидэнд бүрнээ бий. Харин ч бид энэ цаг үедээ засаж залруулж эс чадваас, цаашид энэ чигт нь хяналтгүй алдаж асгаваас үнэхээрийн цөвүүн цаг ирж магад. Өнөө бид бүхий л арга боломжоо шавхах шаардлагатай тулсан. Энэ мэт байдалтай эвлэрэн сууна гэдэг тэсэмгүй. Бид нөхцөл байдалд дасалгүй, сэтгэл ханалгүй, эсвэл цөхрөлгүй, илүү холд тэмүүлж, зорьж байж хөгжинө. 
 
Бүх зүйл ийм хүнд бэрх болчихсон уу гэвэл бас үгүй. Ард олон хэдий эвлэрч дассан, эсвэл цөхөрсөн байдалтай байгаа ч өөрчлөгдөн засраасай гэсэн хүсэл их байгаа нь мэдрэгдэж, анзаарагдана. Олон залуус хувь хувьдаа хийж, бүтээж, тэмүүлж яваа. Шинэ санаачилга, өндөр технологи нэвтрүүлэн, оюуны болон материаллаг баялаг бүтээж байна. Гэвч нийгмийг нэлэнхүйд нь хамарсан бурангуй байдлыг давж, нэвт гэрэлтүүлэхэд бэрх. 
 
Чухам тиймээс шүүмжлэх хэлцэхээс аргагүй байна. Шүүмжилье гэж шүүмжилсэнгүй, өө сэв эрж гоочилсонгүй. Зайлшгүй хэлэх, ярих шаардлага тулсан учраас тэр билээ. Хэзээ хожим нөхцөл байдал улам хүндэрсэн хойно, энэ мэт байдлыг боломжоороо хэлж, сануулж, ярьж, хэлцэж байсангүйдээ харамсахгүйн тулд, үр хүүхдүүддээ өнөөгийн энэ бэрхшээл, асуудал бүхнээ өвлүүлэхгүйн тулд шүүмжлэх хэлцэхээс аргагүй байна.
 
Б.Номинчимэд