sonin.mn
 
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунгэрэлтэй тус хорооны цаг үеийн асуудал, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.
 
Сайн байна уу? Юуны түрүүнд та манай уншигчдад хороогоо товч танилцуулаач?
 
Манай  чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо байгуулагдаад 10 жил болох гэж байна.  Хорооны 60 гаруй хувь нь ойн бүс бөгөөд Ар согоот, Зуун мод, Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнт, Билгүүний энгэр, Майхан толгой зэрэг зуслангуудтай. Зундаа эдгээр зуслангуудад УБ хотын иргэд олноор гарч зусдаг онцлогтой. Ундрах ирээдүй өрхийн эрүүл мэндийн төв, ерөнхий боловсролын 117-р сургууль, улсын 155-р цэцэрлэг, Зунжин худалдааны төв болон томоохон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.
 
Хороонд  үндсэн ажлын алба болох улсын бүртгэгч, нийгмийн ажилтан, халамжийн мэргэжилтэн, зохион байгуулагч гэх мэт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мөн цагдаагийн хэсэг, өрхийн эмнэлэг зэрэг бүрэлдэхүүнтэй төрийн үйлчилгээ иргэдэд хүргэж байна.
 
2016 онд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
 
Бид эрүүл аюулгүй ногоон орчин бүрдүүлсэн эко хороо болох зорилго тавин ажиллаж байна. Үүний дагуу Чингэлтэй дүүрэг Засаг даргын тамгын газар манай Чингэлтэй хайрханыг ойжуулж байгаа.
Мөн иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чанартай хүргэх, иргэний оролцоонд суурилсан нээлттэй хороо болох зорилготой ажиллаж байна.
 
Хороонд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн ямар томоохон ажлууд байна вэ?
 
Манай хороонд дүүргийн болон орон нутгийн хөгжлийн сан, нийслэлийн хөрөнгөөр багагүй ажил хийгдсэн.
2015 онд Дүүргийн төсвийн хөрөнгө болох 149 сая гаруй төгрөгөөр  Ар согоотод спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг “Баян өргөл уул” компани хийж гүйцэтгэсэн. Тахилтын 2 дугаар гудамжны гэрэлтүүлгийн ажил он дамжин хийгдэнэ. Мөн Тахилтын 4 дүгээр гудамжинд явган хүний шат тавих ажлыг Иргэдийн бүлэг 20 сая төгрөгөөр хийсэн. Дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр Чингэлтэй хайрханы ойжуулалтын хүрээнд шилмүүст мод суулгаж тохижуулсан.
 
2016 онд ямар томоохон ажлууд хийгдэх вэ?
 
2016 онд  иргэдийн саналыг үндэслэн хэд хэдэн ажлыг хийж гүйцэтгэнэ. Үүнд: Гүнтэд гүний худаг, Ар согоотод гэрэлтүүлгийн ажил, Жигжидийн зуслан буюу Ар согоотод ундрагатай 2 булагт хамгаалалтын хашаа хийнэ. Мөн Чингэлтэй хайрханыг хашаажуулах ажил явагдана.
Мөн дүүрэг буюу Засаг даргын тамгын газар, хорооны зүгээс хийгдэж байгаа ажилд иргэдийн зүгээс маш их сайшааж байгаа. Он дамжсан гэрэлтүүлгийн ажил энэ жил үргэлжилнэ.
 
Цэцэрлэгийн нэмэлт бүлгийг нэмэгдүүлэх тал дээр анхааран ажиллаж байгаа юм байна.  Хорооны хувьд сургууль, цэцэрлэгийн хүртээмж хэр байна вэ?
 
Манай хорооны хувьд улсын 155 дугаар цэцэрлэг, хувийн гурван цэцэрлэг  үйл ажиллагаагаа явуулж байна. Манайд одоогийн байдлаар 800-1000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байна. Үүнээс 200 гаруй нь цэцэрлэгт хамрагдаж байна. Мөн дүүрэг буюу Засаг даргын тамгын газраас хүүхэд харах үйлчилгээ, мөн  сургуулийн өмнөх насны хүүхдэд боловсрол эзэмшүүлэх асуудлыг шийдсэн.
 
Төрийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ? Иргэд рүү чиглэсэн ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?
 
Төрийн үйлчилгээг иргэдэд дүгнүүлэх зорилгоор улирлын тайлангийн хурлаа амжилттай хийсэн. Өөрөөр хэлбэл, хороонд хийсэн ажил, үзүүлж буй үйлчилгээг иргэд ч хийсэн ажлыг дэмжиж байна.
Төрийн үйлчилгээг бүх боломжийг ашиглан түргэн шуурхай хүргэн ажиллаж байна. Манайх иргэдийн оролцоог хамгийн сайн дэмждэг хорооны нэг. Спорт, соёл урлагийн тэмцээнээр иргэд маань маш амжилттай оролцдог. Дүүргийн 1-19 хороодын дунд хороо маань гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Удахгүй хорооны хэсгүүдийн дунд тэмцээн зохион байгуулна.
 
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотой гэр хороололуудад гудамжны хог хаях, ус асгах зэрэг асуудлаар санал гомдол ирэх байх. Танайд энэ тал дээр хэрхэн анхааран ажиллаж байна вэ?
 
Ил задгай  гудамжны хог,  бохирын асуудал, гудамжинд архи уудаг залуучуудын асуудлууд байсан. Гомдол ч ирдэг байсан. Гэхдээ одоо нийтийн урамшуулалт эргүүлийг байнгын ажиллуулснаар  энэ тал дээр үр дүн гарсан.
 
Хороо мэдээллээ иргэдэд ямар сувгуудаар хүргэж байна вэ?

Манай дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх хороодод төрийн үйлчилгээний ухаалаг дэлгэц, урсдаг самбар байрлуулж өгсөн. Мөн “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо” гэсэн facebook page хаяг, “Чингэлтэй дүүргийн 19 дугаар хорооны иргэний танхим” гэсэн facebook хуудас ажиллуулж иргэдэд мэдээллээ хүргэж байна.
Үүнээс гадна иргэний танхимд 4 төрлийн  үүрэн телефоны утас үнэ төлбөргүй ажиллаж, иргэдтэй холбогдож байна. Үүний зэрэгцээ 12 хэсгийн ахлагч өрх бүрт хүрч мэдээллийг биечлэн хүргэж байна.
 
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.