sonin.mn

Өмнөд Суданд UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагчид маань болзошгүй аюулаас хамгаалж байсан газар орноо аварсан сайхан мэдээ ирүүлснийг Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн дөрвөн иргэнийг анзаарчээ. Тухайн орон нутгийн зарим иргэн үүр шөнөөр дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булж нуусныг сэжиглэсэн энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна. Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэлтэй байв. Өндөр сонор сэрэмжээрээ орон нутагт учрах байсан эрдслийг зайлуулаад зогсохгүй "Монгол цэрэг" хэмээх нэрээ дахин брэнд болгож дэлхий дахинаа нотлон харууллаа. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нарын гүйцэтгэсэн үүрэгт НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагууд баярласнаа илэрхийлж, урамшуулжээ.  Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд одоогийн байдлаар 120 гаруй мянган иргэн байгаа нь дэлхийн хамгийн олон тооны дүрвэгчтэй хуарангаар нэрлэгддэг юм. Хэдхэн сарын өмнө Малакал хотод 30 гаруй мянган иргэдтэй дүрвэгсдийн хуаранд зэвсэгт халдлага болж, олон тооны иргэд амь насаа алдсан хэрэг гарчээ. Ийм үед монголын энхийн сахиулагчид нэр төрөө өндөрт өргөөд байна.

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг