sonin.mn
 
БАКУ. /TASS/. Туйлжиж буй дэлхий ертөнцөд харилцан ойлголцох, хүмүүс хоорондын хүйтэн хөндий харилцааг даван туулах асуудлыг Азербайжаны нийслэлд өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны олон улсын 7 дугаар чуулга уулзалтаар /форум/ хэлэлцэнэ.
 
“Цогц нийгэмд оршин тогтнох нь: сорилт ба зорилго” уриан дор хоёр өдөр үргэлжлэх дээрх уулзалтад дэлхийн 100 гаруй орны олон улсын зарим байгууллагын удирдагчид, хэд хэдэн орны төрийн тэргүүн байсан хүмүүс, алдартай улстөрчид, шинжээчид, парламентын гишүүд, нийгмийн зүтгэлтнүүд, залуучуудын төлөөлөл, шашны удирдагчид, бизнес эрхлэгчид зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.  
 
Чуулга уулзалтын албан ёсны нээлт Баку хотын хурлын төвд болох бөгөөд Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев оролцоно. Нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний дүрс бичлэгт илгээлтийг үзүүлнэ. Тэрбээр Өмнөд Кавказын орнуудад хийх айлчлалынхаа үеэр уг уулзалтад оролцохоор төлөвлөж байсан боловч сүүлчийн мөчид шийдвэрээ цуцалсан байна. Айлчлалаа хойшлуулснаа тэрбээр “дэлхийг хамарсан хямралын үед Нью-Йоркт байх шаардлагатай” гэж тайлбарлажээ.
 
Уузалтын дүнд Бакугийн Тунхаг бичгийг батална.
Соёл иргэншлийн холбоо байгуулах санаачилгыг 2004 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 59 дүгээр чуулганы үеэр Испанийн Засгийн газрын тэргүүн Хосе Луис Родригес Сапатеро гаргажээ. Түүний санаачилгыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2005 оны долдугаар сарын 14-нд дэмжин баталсан бөгөөд жил бүр түүний ивээл дор зохион байгуулдаг болжээ. Уг холбооны гол зорилго нь үндэстэн, соёл иргэншил болон шашин хоорондын яриа хэлцээ хийж, хамтран ажиллах замаар хэт давруу үзлийн эсрэг олон улсын үйл ажиллагааг идэвхжүүлэх явдал юм.
 
Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг