sonin.mn

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн шатанд Сангийн сайд Б.Болор, "Тус зээлийн асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор ярихад заавал төмөр замд хөрөнгө оруулна гэж нарийвчлан тусгах шаардлага байна уу. Үүний оронд хөрөнгө оруулах салбарын нэр заалгүй дэд бүтцийн салбарт зээлийг авья гэсэн байдлаар тусгах нь зүйтэй" гэсэн байр суурьт нэгдсэн гэхэд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Энэтхэгийн Засгийн газартай тохиролцсон зарчмаа хатуу барих хэрэгтэй. Төмөр замд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бол энэ тохироон дээрээ манай улс байх ёстой. Засгийн газар яагаад анхнаасаа тохирсон тохиролцоогоо хадгалахгүй байна вэ. Бид тохирооноосоо буцаад байвал Энэтхэг гэлтгүй хөрөнгө оруулагчдад төрүүлэх итгэлээ алдах болно" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлсэн. Түүнчлэн уг зээлийг авснаар өрийн босгыг давах юм биш биз гэсэн асуудлыг тодруулахад Сангийн сайд Б.Болор, "Хуульд заасан өрийн босгод багтана" гэсэн тайлбарыг өгч байв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн энэхүү зээлийн багахан хувийг ХАА-д авах саналтай байгаагаа хэлсэн. Байнгын хорооны дарга Ч.Улааны хувьд, "Энэ зээлийг авах нь зөв. Тус зээл нь хөнгөлөлттэй хэлбэрээр олгогдох учир манай улсын төсөвт ачаалал болох нь бага. Харин үр ашигтай зарцуулахад анхаарах хэрэгтэй. Эхнээсээ төмөр замд зээл авахаар ярьсан тул ийш тийш тараан хуваарилах нь оновчтой биш. Ч.Хүрэлбаатар гишүүний ярьсан шиг төмөр замд зээлээ авья гэсэн зарчим дээрээ байж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал хүргүүлье" гэсэн юм.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх зөвшилцөх нь зүйтэй хэмээн үзлээ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг