sonin.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.

Цэц өнгөрсөн баасан гарагт дунд суудлаар хуралдаад УИХ-ын 76 гишүүний 28-ыг жагсаалтаар сонгож байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг нам эвслийн бүлгүүд өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд "Хүлээн авах нь зүйтэй" хэмээн байр суурь нэгдсэн. Харин өнөөдөр эл асуудал байнгын хорооны түвшинд яригдсан нь энэ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Батчимэг, "Өнөөдөр дэлхий нийтийн чиг хандлага хувь тэнцүүлсэн тогтолцоо руу явж байна. Олон улсын сонгуулийн тогтолцоог судалдаг байгууллагын судалгаагаар 79 ардчилсан орны 52 нь цэвэр хувь тэнцүүлсэн тогтолцоотой, 20 орон манайх шиг холимог, үлдсэн нь мажоритар байна. Яагаад хувь тэнцүүлсэн тогтолцоо руу яваад байна гэхээр нийгэм олон ургальч болж байна. Ийм шийдвэр гарснаар гадаадад байгаа Монгол Улсын иргэд саналаа өгөх боломж хумигдаж байна. Хүн амын 51 хувийг төлөөлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл цаашдаа улс төрийн тэгш бус орчинд орж ирэх үүд хаалга нь улам бүр хаагдаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “2012 оны тавдугаар сард цэц намын жагсаалттай холбоотой иргэний гомдлыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэдэг дүгнэлт гаргаж байсан. Дөрвөн жилийн дараа агуулга нэгтэй гомдол ирэхээр “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт гаргаж байна. Маргаан үүсгэсэн иргэнд цэц "Энэ асуудлыг цэц өмнө нь хэлэлцээд шийдвэрээ гаргасан. Одоо хэлэлцэх шаардлагагүй" гэсэн тайлбар өгөх ёстой" гэв. 

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх “Цэцийн шийдвэрийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг