sonin.mn

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох зорилготой “Сайн оюутан” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар өчигдөр баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр мэдээлэл хийлээ.

Оюутнуудын сургалтын төлбөрийг ихэнхдээ эцэг эх, эмээ өвөөгийнх нь цалин, тэтгэврийн зээл ээр төлдөг. Нөгөө талаар зээл авах боломжгүй бол сургалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрч, дээд боловсрол эзэмших боломжгүй, сургууль завсардах тохиолдол ч үүсдэг. Тиймээс оюутнуудыг дээд боловсрол эзэмших нөхцлөөр хангах, сурах боломжийг дэмжих, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх болон дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих зорилгоор олон улсын жишигт нийцсэн оюутны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг Засгийн газар нэвтрүүлж байгаа юм байна.

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байх юм байна. Зээлийн хувьд гурван төрлийн үйлчилгээг оюутнуудад зориулан бий болгож байгаа аж. Нэгдүгээрт дээд боловсролын сургалтын төлбөр төлөх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлэх буюу хүүг нь жилийн 5 хувь болгон бууруулах юм.

Хоёрдугаар оюутнуудад зориулсан жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай сургалтын төлбөрийн шинэ зээлийг нээж байгаа юм байна. Гуравдугаарт өндөр оноотой шилдэг оюутнуудад зориулсан богино буюу 1 жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, барьцаагүй зээлийг бий болгож байгаа аж. Энэ тохиолдолд зээлдэгч оюутны голч дүн 3.1-ээс дээш байхыг шаардах юм байна.  

Харин бусад хоёр зээлийг авах оюутан нь голч дүн 2,5-аас дээш байх шаардлагатай юм. Үүнээс гадна “Сайн оюутан” хөтөлбөрийн бүх зээлийн ерөнхий шаардлага нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх, зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлсөн байхыг шаардах юм байна.

Ингээд зээл олгох журмыг хавсралтаар баталж, хэрэгжилтийг ирэх тавдугаар сарын 2-ноос зохион байгуулахыг Засгийн газраас БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Болор нарт даалгажээ.

Н.Гантуяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг