sonin.mn

МҮЭХ өнөөдрөөс эхлэн Засгийн газар, ажил олгогч нартай хамтран Олон улсын Хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаагүй компанит ажил өрнүүлэх болжээ.

Монгол Улс 1968 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ОУХБ-д элсэж, 20 конвенцид нь нэгджээ. Гэвч нэгдэн орсон конвенциудын хэрэгжилт хангалтгүй байгаа аж. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл боловсрол, эрүүл мэнд, нийслэлийн төсвийн байгууллагын албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад өгдөг татварыг нэг жилийн хугацаанд хориглосон байна. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд сар бүр цалингийн 1 хувийг үйлдвэрчний эвлэлдээ хандивладаг бөгөөд уг хөрөнгийг гишүүний эрх ашгийг хамгаалахад зарцуулдаг байна. МҮЭХ төрөөс санхүүжилт авдаггүй тул гишүүний хандивыг зогсоосноор тэднийг дэмжих, эрх ашгийг нь хамгаалахад санхүүгийн чадамжгүй болдог хэмээн МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.

Тэрбээр, “Ц.Энхцэнгэлийн шийдвэр ОУХБ-ын Эвлэлдэн нэгдэх буюу байгууллага байгуулах эрхийн тухай 87 дугаар конвенцийг зөрчсөн тул Улсын дээд шүүхээс уг шийдвэрээ хүчингүй болгох үүрэг өгсөн ч биелүүлээгүй. Тиймээс бид УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргад хандсан. Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан Нийслэлийн Засаг даргын орлогчид Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага хүргүүлээд байна. Энэ мэтчлэн ОУХБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдол олон байна. Тиймээс бид Засгийн газар, нийт ажил олгогч нарыг ОУХБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж, хугацаагүй компанит ажил эхлүүлж байна” хэмээв.

Компанит ажлын хүрээнд ОУХБ-ын үйл ажиллагааг нийтэд сурталчилах, конвенциудыг олон нийтэд түгээх ажлыг зохион байгуулах аж.

Ч.Ариунболд

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг