sonin.mn

“Үндэсний бичиг үсгийн баяр 2016” энэ сарын 29-нөөс ирэх сарын 03-ны хооронд болно. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар 5 дугаар сарын эхний 7 хоногийг орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэж ирсэн.

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм.

Энэ эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээний нээлт энэ сарын 29-ний 11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно.

Энэ өдөр баярын нээлтийн ажиллагаа, уран бичлэгийн үзүүлбэр, “Үндэсний баримтат өвийн дурсгалаас” үзэсгэлэн,  “Нүүдэлчин Монголчуудын ном: Цаг хугацаа, орон зайгаар аялах нь”, “Монголчуудын бичиг үсгийн дурсгал” үзэсгэлэн, номын худалдаа солилцоо, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Дэйзи болон брайль номын өдөрлөг, “Орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлага” сургалт семинар тус тус болох юм.

Ерөнхий зохион байгуулагчаар БСШУЯ, Монгол Улсын Үндэсний номын сан ажиллаж байна.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг