sonin.mn

ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюунт У болон бусад албаны хүмүүс Сэлэнгэ аймагт ажиллаж “Улаанбурхан өвчний өвчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”-ын талаарх мэдээллийг сонсож харилцан ярилцаж, зөвлөмж өгөв.

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат  Ажлын хэсгийнхэнтэй уулзаж аймгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, халдварт өвчний байдал,  орон нутгийн салбар хоорондын шуурхай удирдлагын нэгж байгуулах, талбарын тархвар судлалын чиглэлээр эмч мэргэжилтнийг  бэлдэх төв байгуулах талаар санал  солилцсон юм.

Энэ үеэр хүн малын халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын  хамтын ажиллагаа, мэдээ, мэдээллийг  шуурхай солилцож, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудын оролцоотой шуурхай зохион байгуулж шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангах зорилгоор “Орон нутгийн салбар хоорондын шуурхай удирдлагын нэгж” байгуулах журмын төслийг хэлэлцэх сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулав.

Сургалтад аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Хилийн мэргэжлийн хяналтын алба, аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлага, асуудал хариуцсан  мэргэжилтнүүд оролцлоо гэж ЭМСЯ-наас мэдээллээ.

Ж.Болор

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг