sonin.mn

ТОКИО. /RIA Novosti/. Умард Солонгосын эрх баригчид гадаад ертөнцтэй зөвшөөрөлгүйгээр холбогдсон тохиолдог оноодог шийтгэлийг чангатган хил орчмын болон гар утас ашиглалтад тавих хяналтаа чангатгасан байна. Энэ тухай Сөүлд мягмар гарагт нийтлэгдсэн Умард Солонгосын хүний эрхийн байдлын талаарх “Цагаан ном”-д дурджээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, Умард Солонгосын хүний эрхийн байдлын талаарх тоймыг гаргахдаа 2014 оны сүүлээс хойш Өмнөд Солонгос руу дүрвэн гарсан Умардын 186 иргэний дунд явуулсан санал асуулгын дүнд үндэслэсэн байна.

Умард Солонгосоос дүрвэж байгаа хүмүүс ихэвчлэн Түмэн голын эрэг дагуух хилийн шугамыг дамжин Хятад руу гардаг аж.

“Цагаан ном”-д дурдсанаар, Умард Солонгосын эрх баригчид өнгөрсөн онд голын эргийн дагуу төмөр утсан хашаа татаж, ажиглалтын камер суурилуулжээ. Тухайлбал, Хамгён-Пукто мужийн Хверён, Мусан хошуунд ийм хаалт, камер суурилуулсан бол Онсон хошуунд хилийг минажуулсан байна.

Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яамны мэдээлэлд дурдсанаар, хил орчмын бүсэд гар утас хэрэглэсэн хүмүүсийг тухайн нутгийн аюулгүй байдлын байгууллагын салбар руу бус мужийн төв рүү явуулах үүргийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун 2014 оны нэгдүгээр сард өгчээ. Учир нь орон нутгийн иргэд шийтгэлээс зайлсхийхийн тулд офицеруудад авлига өгдөг байна.

Умард Солонгост урьдчилсан төлбөрт SIM-карттай гар утсыг Хятадаас хууль бус замаар оруулж ирдэг бөгөөд ийм утсаар Хятадад байгаа хүмүүстэй холбоо тогтоох төдийгүй олон улсын шугамаар Өмнөд Солонгос руу ярьж болдог аж.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг