sonin.mn

БЕРЛИН. /TASS/. Германы агаарын тээврийн “Lufthansa” компани зургаан нисэх буудлын ажилтнууд ажил хаях гэж байгаатай холбоотойгоор лхагва гарагт хэдэн арван нислэгээ цуцалжээ.

“Verdi” үйлдвэрчний эвлэл дөрөвдүгээр сарын 26-нд Бремен хотын нисэх буудалд, дараа өдөр нь Майн дахь Франкфурт, Дюссельдорф, Кельн/Бонн болон Ханноверын нисэх онгоцны буудалд анхааруулах ажил хаялт зарлахыг уриалсан. Ажил хаялтад газрын албад болон түймэртэй тэмцэх хэсгийн ажилтнууд оролцоно. Үүнтэй холбоотойгоор мягмар болон лхагва гарагт хэд хэдэн нислэг саатаж, цуцлагдана” гэж тус компанийн мэдээлэлд дурдсан байна.

Цуцалсан нислэгүүдийн жагсаалтыг одоогоор нийтлээгүй байгаа учир тодорхой мэдээлэл алга байна.

“Verdi” нь үйлчилгээний салбарын ажилтнуудын эрх ашгийн төлөө тэмцдэг үйлдвэрчний эвлэлийн байгууллага юм. Тус үйлдвэрчний эвлэл нисэх онгоцны буудлуудын газрын албадын ажилтнуудын цалинг 6 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулахыг шаардаж байгаа аж. Үйлдвэрчний эвлэл болон ажил олгогчдын хооронд хийж буй хэлэлцээний дараагийн үе шат дөрөвдүгээр сарын 28, 29-нд болно.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг