sonin.mn

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болсон. Тус хуралдаанаас дараах мэдэгдлийг гаргажээ.

Мэдэгдэлд цэц сонгуулийн тогтолцоотой холбоотой иргэний гомдолд хоёр өөр шийдвэр гаргасан нь илэрхий хуйвалдааны шинжтэй, хууль тогтоомжийг үл хайхарсан, шударга сонгууль явуулах боломжийг хаан боогдуулсан, нийт иргэдийн улстөрийн эрхийг зөрчсөн улстөрийн гэмт үйлдэл мөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл Цэц улс төрийн захиалгаар уг шийдвэрийг гаргасан хэмээн үзэж буйгаа мэдэгдэлдээ өгүүлжээ.

Цэц захиалгат шийдвэр гаргаснаар Үндсэн хуулийн иргэний сонгох ба сонгогдох, эвлэлдэн нэгдэх, итгэл үнэмшилтэй байх, эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах төвшинд нэмэгдүүлж, тэдэнд манай өнөөгийн нийгэмд тулгамдсан олон асуудлыг зөв оновчтой шийдвэрлэх боломжийг бүдүүлгээр хааж боогдуулах зэрэг үр дагаврыг нийгэмд авчирч байгаа тул УИХ-ын гишүүдийг хүлээн авахгүй байхыг уриалж байна. Түүнчлэн үндэсний хэмжээний эсэргүүцлийн тэмцлийг өрнүүлэх болно гэдгээ мэдэгдээд Монгол Улсад  жинхэнэ ардчилал дүр эсгэсэн ардчилалаар солигдож, улс орондоо амгалан тайван амьдрах нөхцөл бололцоо багасан хумигдаж байгаа талаар Олон улсын хамтын нийгэмлэгт анхааруулах болно гэжээ.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг