sonin.mn
ОХУ-ын элчин сайдын яам, “Серж меценат” сангийн санаачилгаар ах дүү хоёр ард түмэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, аугаа их ялалтын 71 жилийн ойн хүрээнд “Великая победа” нэртэй Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг тавдугаар сарын 9 буюу ялалтын баярын өдрөөр тоглохоор болжээ. Corporate зочид буудлын Convention концертын танхимд болох энэхүү тоглолтод 180 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй орос дуунууд дуулагдах юм.
 
Орос, Монголын хамтарсан уран бүтээлчдийн анхны тоглолтын ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн Дуурь бүжгийн театрын Ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин А.П.Чепурной ажиллана. Мөн ОХУ-ын болон Монголын шилдэг уран бүтээлчид хамтран ая дуугаа өргөх аж.
 
Тоглолт эхлэх мөчөөс л үзэгчид эх орны дайны үед хөл тавьж буй мэт сэтгэгдэл төрүүлэх Улаанталбайг засч чимэглэх бөгөөд дайны үеийн идээ ундааг амсах боломжтой юм байна. Мөн жүжигчилсэн хэсгүүд ч бий гэнэ. Олон, олон гэнэтийн бэлгүүдтэй өвөрмөц тоглолтууд болно гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.
 
Улсын филармонийн симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын үлээвэр хөгжим, найрал дуучид, бүжигчидтэй оролцох юм байна. Монголоос гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан С.Наран, Б.Баярцэцэг, Б.Гомбо-Очир, Э.Анхбаяр, Ч.Бадрал, Б.Дэлгэрбаяр, Б.Энхнаран дуулна. Харин ОХУ-ын Красноярскийн Дуурь бүжгийн театрын гоцлол дуучин Светлана Рацлаф Левчук, Алексей Соколов нар хүрэлцэн ирж дуулах юм байна. 
 
Х.Хатан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин