sonin.mn

ПХЕНЬЯН. /TASS/. Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ VII их хурал тавдугаар сарын 6-нд болно. Энэ тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг тус намын Төв хорооны Улс төрийн товчооны шийдвэрээс иш татан мэдээлжээ. Энэ удаагийн их хурал нь СХН-ын сүүлийн 36 жилд анх удаа зохион байгуулж буй хурал болох юм.

Намын Улс төрийн товчооны шийдвэрт дурдсанаар, их хурлын өмнө СХН-ын мужуудын тайлан сонгуулийн бага хурлыг амжилттай зохион байгуулжээ. Бага хурал бүрээс “Ким Ир Сен болон Ким Жон Илийн үзэл зарчимд тулгуурлан СХН-ыг агуу их нам болгон хувиргасан хүндэт нөхөр Ким Жөн Уныг намын их хурлын төлөөлөгчөөр сонгох шийдвэр гаргав.

Намын их хурлаар чухам ямар асуудлуудыг хэлэлцэх нь тодорхойгүй байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар, төлөөлөгчид улс орны батлан хамгаалах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болон Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээний нөхцөлд эдийн засгийн асуудлуудыг шийдэхэд гол анхаарлаа хандуулна. Түүнчлэн дээд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудад халаа сэлгээ хийж магадгүй. Намын их хуралд гадаад улс орнуудын намуудын төлөөлөгчид оролцох эсэх нь мөн тодорхойгүй байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг