sonin.mn

НҮБ. /TASS/. Эквадорт болсон хүчтэй газар хөдлөлтөд 250 мянган хүүхэд өртсөн бөгөөд сургуулиудын барилга эвдэрч сүйдсэний улмаас тал хувь нь хичээлдээ явж чадахгүй байгаа тухай НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/ мэдээлжээ.

“Эквадорт болсон газар хөдлөлтийн улмаас 280 гаруй сургуулийн барилга эвдэрч сүйдсэн учир 120 мянган хүүхэд сургуульдаа явах боломжгүй болсон” гэж дээрх мэдээлэлд дурдсан байна. Хүүхдийн сангийн мэдээлснээр, газар хөдлөлтөд өртсөн хүүхдийн тоо 250 мянгад хүрчээ. Боловсрол бол эмх замбараагүй байдал, гамшигтай нүүр тулж, сэтгэл санааны хямралд автсан хүүхдүүдийн хувьд “амьдралын чиг шугам нь” болдог гэж ЮНИСЕФ-ийн Эквадор дахь төлөөлөгч Грант Лиэйти ярьсан байна. Түүний хэлснээр, хичээл сургуульдаа явах нь хүүхдийг хэвийн амьдралдаа эргэн ороход тусалдаг.

Гамшигт өртсөн Эквадорын хүн амд тусламж үзүүлэхэд гурван сарын хугацаанд 23 сая доллар шаардлагатай болохыг ЮНИСЕФ тооцоолжээ.

Эквадорт тусламж үзүүлэх зорилгоор 73 сая доллар гаргахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Стивен О'Брайен хандивлагч орнуудаас өмнө нь хүссэн байна.

Энэ сарын 16-нд Эквадорын баруун хойд нутгийн Манаби мужийн Педерналес хотод 7.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 655 хүн амиа алдаж, 48 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна. Мөн 17 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. Байгалийн гамшгаас учирсан эд материалын хохирол олон тэрбум доллароор хэмжигдэж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг