sonin.mn
Жагсаалтаар УИХ-ын гишүүн болох нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд пропорциональ тогтолцоог хүчингүй болгох шийдвэрийг Цэцээс гаргаад буй. Цэцийн энэхүү дүгнэлтийг өчигдөр хоёр ч байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд намын нэрийн ард нуугдаж, УИХ-д орж ирэх нь буруу гэх шийдвэрийг олонхиороо гаргасан. 
 
Түүнчлэн МАН, АН-ын бүлгээс Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээж авахаа мэдэгдээд байгаа. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан тохиолдолд Сонгуулийн хуулийг өөрчилж таарна. Ингэснээр жагсаалтын 28 мандатыг хэрхэн хуваарилахыг нэмж хуульчилна гэсэн үг.
 
Харин жагсаалтын 28 мандатыг хэрхэн хуваарилж болох талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.
 
-Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжлээ. МАН, АН ч мөн адил байр суурьтай байгаагаа хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн хуулийг өөрчилж, жагсаалтыг 28 мандатыг хуваарилж таарна. Харин хот, хөдөөд хэрхэн хуваарилах талаар ярилцсан зүйл байна уу. 14:14 гэж тохирсон гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?
 
-Хоёр намын удирдлагын төвшинд жагсаалтын 28 мандатыг хот, хөдөөд тэнцүү хуваарилах талаар ярьсан зүйл бий. Гэхдээ мэдээжэнэ бол нэг л хувилбар, эцсийн шийд биш шүү дээ. Миний хувьд 26 тойрог 76 мандаттай томсгосон хувилбар нь зүгээр юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол миний хувийн байр суурь шүү. Монгол Улс хүн амаас гадна нутаг дэвсгэрээс бүрддэг.
 
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын сум, багийн иргэд чинь ерөөсөө л аюулгүй байдлын баталгаа шүү дээ. Энэ ч утгаараа хөдөөд арай илүү олон мандат хуваарилах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Харин АН-ынхан бол холимог тогтолцооноос жижиг 76 руу шилжих нь тэнгэрээс газарт унасан ухралт гэж яриад байдаг юм. Тиймээс дундын хувилбар буюу 26 тойрог 76 мандаттай, томсгосон хувилбарыг ярьж байгаа. 1990 оноос хойшхи бүх сонгуулиар хотод 26, хөдөөд 50 мандат хуваарилдаг байсан.
 
Үүн дээр жагсаалтыг хуваагаад оруулж ирсэн 14-ийг нэмэхээр 24 болоод хэтэрчих гээд байгаа биз. Тиймээс ядаж 50,26 гэсэн зарчмаар явчихвал хөдөө 16, хотод 12 мандат байх гэх мэтээр ойлголцоод явахад буруудах зүйлгүй л дээ.
 
-МАН, АН-ын бүлэг дэмжсэн учраас жагсаалтыг хүчингүй болгох Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах нь тодорхой болчихлоо. Харин жагсаалтын 28 мандатыг хэрхэн хуваарилах нь зүйтэй гэж та харж байна вэ?
 
-Жагсаалтыг байхгүй болгох талаар манай нам хоёр гурван жилийн өмнөөс л ярьсан. Ерөөсөө энэ бол нийгмийн захиалга. Үүний эсрэг явах улстөрч, улс төрийн нам гарахгүй байх. Мэдээж хоёр нам Цэцийн шийдвэрийг хүлээж авахаар шийдсэн болохоор жагсаалтын 28-ыг хэрхэн хуваарилах талаар ярьж таарна. Гэхдээ үүнээс өмнө Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээ УИХ албан ёсоор шийдэх хэрэгтэй.
 
Ингэснээр Сонгуулийн хуулиа энэ долоо хоногт багтааж өерчлөхгүй бол цаг байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 8 гэхэд намууд нэр дэвшигчдээ эцэслэн шийдэх учраас үүнээс өмнө хуулиа тодорхой болгох учиртай. Жагсаалтын 28-ыг мажоритарт шилжүүлэхдээ зөвхөн хүн амын тоонд харгалзуулан хуваах нь өрөөсгөл юм. Харин газар нутгийн хэмжээг харгалзан үзэх хэрэгтэй. Тухайлбал, 28 мандатын 20-ыг хөдөө, наймыг нь ‘хотод өгөх хувилбар байна. Засаг захиргаа, хүн амын тоог харгалзан үзэх Үндсэн хуулийн заалттай энэ нь илүү нийцсэн хувилбар гэж харж байгаа.
 
-Тэгэхээр жагсаалтын 28 мандатыг хуваарилах гурван ч хувилбар байгаа юм байна гэж ойлголоо. Чухам аль хувилбар дээр тогтох бол?
 
-Ер нь гурван хувилбар байна гэж ойлгож болно. Харин алиныг нь сонгохыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар л шийднэ.
 
-АН-ынхан эртнээс л жагсаалтын 28 мандатыг олонхийг нийслэлд хуваарилах талаар ярьж байсан. Бүр Ш.Түвдэндорж гишүүн хууль боловсруулсан, өргөн барихад бэлэн болсон гэж байсан. Өөрөөр хэлбэл, АН нийслэлийнхийг, МАН орон нутгийн мандатын тоог нэмэх хүсэлтэй байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрээгүй гэсэн үг үү?
 
-Эрх барьж байгаа нам аль болох л өөрт ашигтай байх хувилбараар сонгуулийн асуудалд ханддаг. Энэ бол дэлхий нийтэд бичигдээгүй хууль шүү дээ. Энэ ч үүднээс АН-ын судалгаагаар нийслэлд арай олон санал авах байх гэсэн горьдлоготой байгаа юм шиг байна лээ.
 
Харин МАН-ын хувьд орон нутагт илүү олон санал авна гэдэг байдлаар асуудалд хандаагүйг хэлье. Өөрөөр хэлбэл, газар нутаг, хүн амын нягтаршил, үндэсний аюулгүй байдлын зарчимтай холбоотойгоор хөдөө, орон нутгийн мандатын тоог нэмэх нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Үндсэндээ МАН Үндсэн хуулийн зарчмаа барьж байна л гэсэн үг.
 
-Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байсныг ажлын хэсгийн төвшинд орхигдуулсан. Хоёрхон сарын өмнө хуулиа өөрчлөхөөр болчихоод байгаагаас харахад хоёр том нам эртнээс ярилцаж тохирчихоод зургаан сар гэдэг заалтыг албаар орхигдуулсан юм биш үү гэх хардлага өрнөөд эхэллээ л дээ. Жагсаалтыг байхгүй болгох нь жижиг намуудад халтай учраас тэдний зүгээс ч их шүүмжилж байх шиг байна?
 
-Сонгуулийн хуулийг машхариуцлагагүй байдлаар баталсан. Зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэх заалтыг орхигдуулснаас хойш гурван ч удаа Сонгуулийн хуулийг өөрчлөх оролдлого гарлаа шүү дээ. Тиймээс цаашид улс төрийн намууд үүнд анхаарах л хэрэгтэй.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин