sonin.mn

ОТТАВА. /TASS/. Канадын Засгийн газар хулгайлагдсан иргэдийг суллах болзол болгон террористуудын шаардсан барьцааны мөнгийг хэзээ ч төлөхгүй гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ.

“Би маш тодорхой хэлмээр байна. Канад улс террористуудад барьцааны мөнгө төлөхгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. “Энд тов тодорхой шалтгаан бий. Барьцааны мөнгө гэдэг бол гэм зэмгүй олон хүний аминд хүрсээр байгаа террорист байгууллагуудын санхүүжүүлэх эх үүсвэрүүдийн нэг юм.  Нөгөө талаас, хэрвээ барьцааны мөнгө төлбөл дэлхий даяар ажиллаж, аялж буй Канадын сая сая иргэдийн амь насыг аюулд оруулна” гэж Трюдо хэлжээ.

Оттавагийн эрх баригчид тус улсын иргэн болох 50 настай Роберт Холлыг суллахаар ажиллаж байгаа болохыг Ерөнхий сайд хэлсэн байна. Р.Холл өнгөрсөн оны есдүгээр сард Филиппинд хэт давруу үзэлтнүүдэд барьцаалагджээ.

Канадын иргэд болох Жон Ридсдел, Роберт Холл, мөн Норвегийн иргэн Кьяртан Секкингстад болон Филиппиний иргэн эмэгтэй Тесс Флор нарыг "Абу Сайяф" бүлэглэлийн босогчид 2015 оны есдүгээр сарын 21-нд Филиппиний өмнөд хэсэгт оршдог Минданао арал дахь гадаадын дарвуул завьчдад зориулсан амралт сувиллын газарт байхад нь хулгайлжээ. Террористууд барьцааны мөнгө болгож 6.3 сая долларыг хүн бүрийн тоогоор төлөхийг Канадын Засгийн газраас шаардаад эс бөгөөс тэднийг дөрөвдүгээр сарын 25-нд цаазална гэж сүрдүүлжээ. Ридсдел, Холл нарын дүрс бичлэгийг барьцаалагчид дөрөвдүгээр сарын 15-нд нийтэлсэн бол Ридсделийг даваа гарагт хөнөөсөн байна.

"Абу Сайяф" бүлэглэл нь Филиппиний өмнөд нутаг, мөн Зүүн Өмнөд Азийн бусад нутаг дэвсгэрт  халифт улс байгуулах зорилгоор 1991 онд байгуулагджээ. Сүүлийн саруудад Филиппиний арми тус бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байна. "Абу Сайяф" бүлэглэлийн террористууд “Лалын улс” бүлэглэлд үнэнч гэдгээ батлан тангараг өргөжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг